Монголын мэргэшсэн нягтлан бодогчид дэлхийд данстай боллоо
Ч.Чимидсүрэн: Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын гүйцэтгэх захирал
2012.12.11

Монголын мэргэшсэн нягтлан бодогчид дэлхийд данстай боллоо

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын гүйцэтгэх захирал Ч.Чимидсүрэнтэй ярилцлаа.

-Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт (ММНБИ) гэхээр зөвхөн мэргэжлийнхэн л мэддэг байх. Өргөн олон уншигчдад зориулж байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулна уу?

-Аудитын тухай хуулиар манай байгууллагыг "Мэргэшсэн нягтлан бодогч, аудиторуудын ёс зүйн дүрмийг баталж, үндэсний хэмжээнд мөрдүүлэх нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага" гэж заасан. Мөн хуулиар институтийн эрхлэх үйл ажиллагааг мэргэжлийн сургалт зохион байгуулах, мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалт авах, аудитын байгууллагыг арга зүйн удирдлага, зөвлөгөө мэдээллээр хангах гэж тодорхойлсон.

Бид хуулийн эдгээр заалт мөн нягтлан бодох бүртгэл, аудитыг хөгжүүлэхтэй холбоотой асуудпыг хэрэгжүүлэх зорилгоор байгууллагадаа бүтцийн хувьд сургалтын хороо, нягтлан бодох бүртгэлийн арга зүйн хороо, аудитын хороо, ёс зүйн хороо, гадаад харилцаа гэсэн хороо, хэлтсүүдийг ажиллуулдаг. Манай байгууллагын онцлог бол гишүүдийн оролцоо, дэмжлэгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, гишүүд маань цалин авахгүй, орон тооны бусаар өдөр тутмын үйл ажиллагааг хуралдаан, ажлын хэсэг зэрэг хэлбэрээр хэрэгжүүлдэг.

-Мэргэшсэн нягтлан бодогч ямар шалгаврыг хангах ёстой вэ?

-Хуулиар нягтлан бодогч эсвэл санхүүгийн бусад мэргэжлээр бакалавраас дээш зэрэгтэй байх, практик дээр нягтлан бодогч мэргэжлээр хоёроос дээш жил ажилласан хүн эрх олгох шалгалтад орох эрхтэй байдаг. Мэргэшсэн нягтлангийн эрхийг эхлээд хоёр жилээр олгодог. Мэргэшсэн нягтлан бодогчийг бэлтгэх хөтөлбөрийн дагуу мэргэжлийн ес зүй, техник, технологийн ур чадвар, санхүүгийн тайланг гаргах арга зүй, санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, зардал, удирдлагын бүртгал, хууль эрх зүй, аудит болон англи хэлний мэдлэгийн шалгалт авна. Үүнээс гадна эрхээ сунгахдаа өөр өөр хичээл, хөтөлбөрүүдийг судлах бөгөөд жилд 40-өөс доошгүй цагаар боловсролоо тасралтгүй дээшлүүлж байх ёстой байдаг.

2000 онд бид Ази, Номхон далайн нягтлан бодогчдын холбооны жинхэнэ гишүүн болсон. Энэ холбоо бүс нутагтаа төдийгүй дэлхийд нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.
-Тэгвэл мэргэшсэн нягтлан бодогч болохын давуу тал юу байна?

-Давуу талууд байлгүй яахав. Тухайлбал, мэргэжлийн хувьд өндөр төвшинд хүрсэнээ нотлоно. Олон нийтийн итгэл хүлээх, нэр хүнд өсөх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, санхүүгийн тайлан баталгаажуулах эрхтэй болох, төрийн болон төрийн өмчтэй, төсөвт байгууллагын санхүүгийн удирдах ажил эрхлэх, цалингийн 15 хувийн нэмэгдэл авах, олон улсын болон мэргэжлийн байгууллагаас гаргасан мэдээ мэдээллээр хангагдах, боловсролын сургалтад байнга тасралтгүй хамрагдах гээд олон эерэг зүйл бий.

-ММНБИ хэдэн гишүүнтэй бол?

-Анх 1996 онд Монгол Улсад 120 гаруй мэргэшсэн нягтлан бодогчтой байх үед институтыг байгуулсан. Одоо мэргэшсэн нягтлан бодогч 2843 байна. Үүнээс гадна аудитын 92 компани манай байгууллагын жинхэнэ гишүүн. Үүнд Ernst and Young, KPMG,Deliote, PWC, BDO зэрэг дэлхийн таван том компани манай улсад үйл ажиллагаа явуулдаг. Дэд гишүүн, дэмжигч гишүүд олон байдаг. Мөн аймаг бүр, алслагдсан дүүрэгт гээд нийт 25 салбартай.

-Аудитын талаар сайн, саар яриа гараад байдаг. Ер нь аудитын хэрэгцээ хэр байна вэ?

-Манайд 1990 оноос хойш бизнесийн байгууллагууд үүсч бий болсон. Одоо бол эхний бизнесийн байгууллагууд групп, холдинг, үндэстэн дамнасан корпораци хэлбэрт шилжиж байна. Энэ маань зохион байгуулалт талаасаа ч, хөрөнгө оруулалт талаасаа бизнес томорч байгааг илтгэнэ.

Энэ үед хөрөнгө оруулагчид өөрийн оруулсан хөрөнгө хэр үнэн зөв бүртгэгдсэн, стандарт, дүрэм журмын дагуу байна уу, хөрөнгө оруулалтын үр ашиг, үр дүн ямар байгааг мэдэхийг хүсэх нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл одоо л аудитын зах зээлийн эрэлт сонгодог утгаараа бий болж байна. Эрэлт үүсээгүй байхад заавал аудит хийлгэх зохицуулалт тогтоосноос болж нэр хүнд нь зарим талаар унасан тал бий. Өнөөдрийн тухайд манай улсад дэлхийд эхний 5, 7-д эрэмбэлэгддэг аудитын байгууллагууд үндэсний компаниудтай нэгдэж үйл ажиллагаа явуулж байна.

-Дөнгөж саяхан танай байгууллага Дэлхийн нягтлан бодогчдын холбооны жинхэнэ гишүүн болсон гэж сонслоо. Том үйл явдал тохиосон юм байна. Баяр хүргэе.

-Баярлалаа. 2012 оны арваннэгдүгээр сарын 15, 16-нд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Кэптаун хотод болсон Дэлхийн нягтлан бодогчдын хопбооны (ДНБХ) жилийн хурлаар Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт улсаа төлөөлж жинхэнэ гишүүнээр элслээ. Энэ нь Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчид тус холбооны жинхэнэ гишүүн боллоо гэсэн үг. Ер нь энэ холбоо 1977 онд байгуулагдсан, одоо 129 орны 173 мэргэжлийн байгууллагын 2,6 сая гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн, дэлхийн нягтлан бодох бүртгэлийн хөгжлийг чиглүүлэгч байх зорилготой юм.

-ДНБХ-ны жинхэнэ гишүүн болохын тулд тухайн байгууллагад тодорхой шалгавар тавигддаг биз?

-Нэлээд олон шалгавар байдаг. Тухайн улсынхаа хувьд олон нийт, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа-гаа явуулдаг мэргэжлийн байгууллага байхаас гадна хууль, эрх зүйн хүрээнд зохицуулагдсан байх ёстой. Удирдлагын зөв бүтэц, сайн засаглалтай, санхүү, хүний нөөц болон үйл ажиллагааны хувьд тогтвортой байх гэх мэт. Мөн ДНБХ-ны гишүүнчлэлийн үүргийн биелэлтийн тайланд заасан Олон улсын стандарт, чанарын хяналт, судалгаа шинжилгээтэй холбоотой ажлыг эрхэлдэг, мэргэжлийн нягтлан бодогчдын сахилга батад анхаарлаа хандуулдаг, олон улсын стандарт, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг идэвхтэй сурталчилж, хэрэгжүүлдэг зэрэг олон шалгавар бий.

-Холбоонд элсэхийн давуу тал бий байх, тийм үү?

-Нягтлан бодох бүртгэл, аудит-тай холбоотой олон улсын стандартыг бид өмнө нь орчуулж, мөрдөж хэрэгжүүлэх л үүрэгтэй байдаг байсан бол одоо харин тухайн стандартуудыг боловсруулж, батлах үйл ажиллагаанд оролцох, санал зөвлөмжөө илэрхийлэх боломж илүү нээгдэж байна.

Мөн тус холбооны Удирдах зөвлөл, хороодод нэр дэвшиж, сонгох сонгогдох, төсөл хөтөлбөрт оролцох эрх эдэлнэ. Аливаа шийдвэр гаргахад санал өгөх эрх эдэлнэ гэдэг маш чухал юм. ДНБХ-ны Удирдах зөвлөл болон бусад хороонд нэр дэвшин сонгогдож ажилласнаараа үйл ажиллагаанд нь илүү идэвхтэй оролцож, өөрийн орны онцлог нөхцөл байдлыг тухайн шийдвэрт тусгаж өгөх боломж бүрдэнэ.

Ингэснээрээ зөвхөн манай байгууллагын төдийгүй Монгол Улсын маань нэр хүнд, олон улсад эзлэх байр суурь өснө гэдэгт итгэлтэй байна. Нэмж хэлэхэд бид 2000 онд бид Ази, Номхон далайн нягтлан бодогчдын холбооны жинхэнэ гишүүн болсон. Энэ холбоо бүс нутагтаа төдийгүй дэлхийд нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

-Танай байгууллага их хурлаа хийх юм байна. Ямар асуудал хэлэлцэх вэ?

-Бид V их хурлаа 2012 оны арванхоёрдугаар сарын 7,8-нд хийхээр төлөвлөж байгаа. Энэ удаагийн их хурлын онцлог бол ММНБИ-2021 гэсэн хөгжлийн үндсэн чиглэлээ хэлэлцэх гэж байгаагаараа онцлог. ММНБИ 2021 онд 25 нас хүрнэ, тэр үед нягтлан бодох бүртгэл, аудитын хөгжил ямар төвшинд хүрсэн байх, түүнд хүрэх арга замуудыг тодорхойлох зорилготой юм. Их хурлынхаа өмнө бид нэлээд хэлэлцүүлэг хийж байна. Салбар, хороод, ажил мэргэжлийн бүлэг бүрээр ийм хэлэлцүүлэг хийж, олон нийтийн санал бодлыг нэгтгэж байгаа.

-Институтийн өнгөрсөн дөрвөн жилийн гол ололт нь юу вэ?

-Мэргэшсэн нягтлан бодогч гишүүн 862-оор нэмэгдэж, аудитын компанийн тоо хоёр дахин өсөв. Дээр хэлснээр олон улс дахь статусаа өсгөж Дэлхийн нягтлан бодогчдын холбооны жинхэнэ гишүүн боллоо.

Институтийн төв байрандаа өртгөтгөл Хийж, гишүүн, дэмжигчдэдээ ая тухтай орчинд сургалт явуулах, мэдээлэл өгөх боломж бүрдпээ. Мэргэшсэн нягтлан бодогчийг бэлтгэх хөтөлбөрийг олон улсын жишигт хүргэж шинэчиллээ. Манай гишүүд дэлхийн том аудит, баталгаажуулалт, зөвлөх үйлчилгээний мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг Монголдоо эрхлэн явуулж эхэлсэн зэрэг амжилт бий.