Монголоо алдмааргүй байна
МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн багш, Монгол гэрийн сургууль ТББ-ын тэргүүн Ч.Баттулгатай ярилцлаа.
-Сүүлийн үед монгол хүний мөс муудлаа гэж их ярих болжээ. Монгол судлаач хүний хувьд та энэ талаар юу хэлэх вэ?
-Манай ахмад настнууд ундууцахаараа “Монголоо алд даа”, “Монголоо алдмар” гэдэг дээ. Бид өнөөдөр “Монголоо алдчих” шахаад байна. Монгол хүний сайхан чанарууд гээгдэж байгаад тун санаа зовж, монгол хүнээ “олж авах”-ыг хичээж, судалж байгаа хүн дээ би.
Сүүлийн үед манайхан Чингис хааны тухай их ярьж, бичих боллоо. Эзэн Чингис хааны хүн төрөлхтний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, цэргийн гарамгай жанжин, улс төрийн нэрт зүтгэлтэн байсан талаарх ном бүтээл маш олон байна.
Харин Чингис хааны хувийн зан чанар талаас тусгайлан судалсан бүтээл эрдэмтэн Ш.Чоймаа, Ё.Батсуурь нарын өгүүллээс өөр ховор юм. Чингис хааныг судалсан эрдэмтэд, Эзэн хаан бол нэгдүгээрт, голч шударга, үнэнч чанарыг эрхэмлэдэг. Хоёрдугаарт, Гуйвдаггүй. Нэг талыг барьж хэт туйлширахаас зайлсхийдэг.
Хүний үгийг дээр доор гэлгүй сонсдог зантай хүн байсан гэдэгт бүгд санал нэгддэг. Өөр олон чанар бий л дээ. Мэдээж, эзэн хааны энэхүү чанарыг түүний үр хүүхэд, ураг төрөл, найз нөхөр, сайд түшмэд нь үлгэрлэн дууриадаг, улмаар энэ зан чанар нь тухайн үеийн монгол хүний зан суртахууны нийтлэг шинж болж байсныг үгүйсгэх аргагүй.
- Гэтэл одоогийн монгол хүний зан суртахуун ямар болчихоод байна вэ?
-Судлаач Д.Ганхуяг монгол хүний менталитетийн суурь өөрчлөлт Монголд хоёр удаа болсон, Нэг нь XIX зууны сүүлч XX зууны эхээр “уламжлалт” монгол хүн “социалист” монгол хүн болж, хоёр дахь 1990 оноос хойш “капиталист” монгол хүн болж өөрчлөгдсөн гэсэн байдаг. Энд Манжийн эрхшээлд байсан үеийн монгол хүний зан суртахууны өөрчлөлтийг орхиж болохгүй.
Эзэн хааны бахархалт өдрөөр УИХ-ын гишүүн байсан Д.Энхбат гуай “Өнөөгийн Монголчууд Чингисийн гэхээс илүү Манжийн төрийн соёлтой, Авлига, бялдуучлал дээр тогтсон” гэж “жиргэнэ” лээ. Нээрээ тийм шиг байна.
Монголчууд сүүлийн 300 гаруй жилийн хугацаанд харь гүрний эрхшээлд байсан учраас бидэнд Манж, Оросын соёл их нөлөөлсөн. Энэ хугацаанд бид монгол хүний үндсэн зангаа ямар нэг байдлаар гээж, “олдмол” маягийн зан чанартай болсон судалгаагаар ч тогтоогдож байна.
Чингис хаан, Чингис хаан л гэнэ. Бидэнд эзэн хааны маань эрхэмлэдэг зан чанар алга болчихож. Шударга бус явдал гаарсан, Зусарч бялдууч нар ихэссэн, туйлшрамтгай, авлига хээл хахуульд дуртай хүмүүс олширчихсон байна.
Арга ч үгүй байх, харь гүрний эрхшээлд байгаа хүмүүс чинь аль болох хурдан эзэн, даргадаа зусардан бялдуучилж, хээл хахууль зутгаж байж сая нэг нэр хүнд олж, зэрэг дэв ахина шүү дээ. Мөн ноён, дарга л хэлсэн бол үг дуугүй дагасаар байгаад, эцэст нь, өөрсдийн бодол санаагаар бус бусдын ам, гар харсан, хоёр тийш холбирон туйлширсан улс болжээ.
-Одоо тэгээд яавал зохилтой вэ?
-Монголоо олно. Монгол хүнийг буй болгоно. Саяхан БШУ-ы сайд Л.Гантөмөр Засгийн газрын 100 хоногийн хүрээнд яамны тайлан, цаашид хэрхэн ажиллах бодлогыг салбарынхандаа танилцуууллаа. Хонгилын үзүүрт гэрэл харгадлаа гэдэг шиг яамны бодлого шинэ гэхээс илүүтэй зөв зам руу орчихов уу гэж ихэд олзуурхаж байна. Бидний сүүлийн хэдэн жил хийж байгаа судалгааны ажилтай уялдаж байна. Жишээ нь: ЕБС-д хүүхдийг 5 дугаар анги хүртэл дүгнэхгүй, энэ маш зөв. Хоёрдугаар ангийн хүүхдийг “чи муу байна” гэхээр тэр хүүхэд би угаасаа муу юм чинь гээд итгэчихдэг, магадгүй амьдралд дээр ч. Маш хортой. Дан ганц мэдлэг олгоход чиглэгдсэн, дүн шүтсэн энэ сургалтын тогтолцоог өөрчилж байж бид монгол хүнээ бэлдэх учиртай юм.
-Энэ нь хэзээнээс өөрчлөгдөх юм бол?
-БШУЯ-ны бодлого ерөнхийдөө гарсан гэж ойлгосон. Одоо бодлогыг хэрэгжүүлэх гэж тун хүнд даваа байна. Хаанаас, юунаас эхлэх, хууль дүрэм хэрхэн өөрчлөгдөх, ямар баг яаж хийх гээд.
-Та ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг ямар байдлаар өөрчлөх ёстой гэж үзэж байгаа юм бэ?
-Аль ч улсын сургалтын тогтолцоо нь эх хэл, тоо бодлогын хичээлд суурилдаг. Үүнээс эх хэлний хичээл бол маш чухал. Учир нь, Бид “Эх хэл”-ний хичээлээр дамжуулж монгол хүнийг буй болгоно гэж үзэж байгаа. Тэгэхийн тулд эх хэлний хичээлийн сургалтыг нэр, тодорхойлолт, агуулга, стандарт, сурах бичгийг өөрчлөх ёстой. Хуульд өөрчлөлт оруулах ёстой.
-Монгол хүнийг буй болгоно гэлээ. Бид монгол хүн биш юм уу Бас эх хэлний хичээл гэдгээ тодруулбал?
-Бодот зүйлээр жишээ авъя. Бидний одоо өмсдөг босоо захтай дээл бол монгол дээл биш. Археологийн дурсгал болон бусад түүхэн баримтаар нотлогдсон. Уул нь ташуу захтай, бид “лам” дээл гэдэг энэ бол жинхэнэ монгол дээл юм гэхээр хүмүүс, аан тийм үү гээд ухамсарлаад монгол дээлээ өмсөх нь ихэсчээ.
Харин царай зүс минь монгол ч зан суртахуун, сэтгэлгээ минь монгол биш мэт болчихож гэхээр ойлгодоггүй. Үүний нэг баталгаа. Дунд сургуульд бид хүүхдүүддээ “монгол хэл” гэдэг нэртэй хичээл заадаг. Энэ маш буруу юм. Хичээлийн нэрээс эхлээд солих ёстой, япон солонгос хүүхдүүд дунд сургуульд япон, солонгос хэл үздэггүй “улсын хэл” буюу “эх хэл”-ээ л сурдаг. Бас эх хэлний хичээл гэж юуг ойлгох вэ гэдэг тун чухал. Монгол хэлний хичээлээс өөр гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Дунд сургуульд үздэгээс өөр байх уу?
-Саяхан болтол бид “Монгол хэлний хичээл” гэж хэлзүй, дүрэм буюу хэлний хэлбэр зааж ирсэн. Ингэж ойлгож ч ирсэн. Одоо хэлний харилцааны үүрэг гэдэг утгаар ярих, бичих чадварыг эзэмших ёстой, хэл нийгэм соёл амьдралын суурь гэдэг талаас эх хэлний хичээлд уранзохиол, түүх, соёл, ёс заншилыг хамтатган ойлгох ёстой. Тэгэхгүй бол бид нэг зүйлээ хэд хэд салгаад ач холбогдлыг улам муутгаж байна. Жишээ нь хуучнаар, монгол хэл, уранзохиол хоёр тусдаа хичээл байх үндэсгүй. Ингэж салгах нь хүүхэд эх хэлнийхээ хичээлд дургүй болох бас нэг шалтгаан болох нь судалгаагаар тогтоогдсон.
"Цэцэрлэг бол сургалтын байгууллага, тэр тусмаа хамгийн чухал гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй. Хүн амьдралынхаа туршид олж авдаг нийт мэдээллийнхээ 70 гаруй хувийг тав хүртэлх насандаа олж авдаг гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл хүн болж төлөвших хамгийн чухал үе нь балчир нас"
-Одоо ЕБС-д ямархуу байдлаар зааж байгаа бол?
-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч “Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн ухааны үндэс”, “Иргэний боловсрол” хичээл бага ангид орох болсон нь сайн хэрэг боловч бас л тусдаа салангид хичээл байх нь ач холбогдол муутай юм. Хөтөлбөр нь сонголтгүй тул хөдөөний 3 дугаар ангийн хоньчин хүүд “хонины төл хурга” гэж заах нь холгүй болохоор хүүхдүүд хичээлдээ дур сонирхолгүй болоод байна.
Манай орны хувьд хот, хөдөөгийн сурах бичигт ялгаа байх ёстой. Харин хурга хараад “туулай” гэж буй хүүхдэд тэр агуулга зайлшгүй заана.
Мөн 2, 3-аар ангиас эх хэлний хичээлийн агуулгаар түүхийн анхан шатны мэдлэг олгох ёстой. Тэгэхгүй бол, түүхийн тухай хэрэгтэй хэрэггүй мэдээлэл хангалттай авсан 8 дугаар ангийн хүүхэд түүх огт сонсохгүй байна. Чин сэтгэлээсээ бахархахгүй байна.
Бид Эзэн Чингис хаан Монгол Улсыг байгуулсан агуу хүн гэдгийг бага ангид заана. Яг социализмийн үед Ленин багшийн зургийг хэрхэн залж, ямар арга хэлбэрээр заадаг байсан шиг. Ленин гэснээс С.Дашдооров гуайн “Ильичийн тухай найраглал” зохиолд 1 дүгээр ангийн хүү анх сургуульд орсон самбарын дээр нэг хүний зураг байдаг.
Хүү Манай дотуур байрны “халзан” Гочоо гуайг хүүхдэд хайртай болохоор зургийг хадаж, ямар гоё гараа вэ Гэж бодож байтал, багш орж ирээд - Энэ миний, чиний , бас танай аав ээжийн, агуу их багш хэмээдэг санаанд орлоо. Хүүхдийг багад нь эх хэл, эх түүх, эзэн хаан, ёс заншилаа мэддэг, эх орноо хайрладаг болгох хэрэгтэй. Энэ бол бүх зүйлийн үндэс. Цэцэрлэгээс эхэлнэ.
-Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг өөрчлөхийн зэрэгцээ багш нарын мэдлэг, сургалтын арга зүйг өөрчлөх, чадваржуулах хэрэгтэй байх?
- Өнөөдөр их, дээд сургууль төгсөж байгаа залуучууд дунд цэцэрлэг, бага ангийн багш болно гэдэг хүн нэг ч байхгүй. Олон хүүхэдтэй ажилладаг, цалин бага гэх мэтээр ажиллах нөхцөл нь хүнд байдаг учраас ажиллах сонирхолгүй байх нь мэдээж. Иймд төрөөс энэ талаар онцгойлон анхаарч тусгай бодлого явуулах ёстой.
Өөрөөр хэлбэл цэцэрлэг, бага ангийн багш нарын цалинг нэмэх хэрэгтэй. Их, дээд сургуулийн багш нарын цалингаас дор хаяж нэг дахин их байхаар тооцох нь зөв. Нэгэнт л, ухамсартай, сайн хүн бий болгоё, нийгмийн сөрөг үзэгдлийг үндсээр нь устгая гэж байгаа бол цэцэрлэг, бага ангийн багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Түүний дараа чанарыг шаардана. Бодот байдал дээр цэцэрлэгт юу зааж юу болж байгааг бид бүгд мэднэ.
-Энд бас эцэг эхчүүдийн үүрэг чухал биз?
-Эцэг эхийн үүрэг оролцоо маш чухал. Цэцэрлэг бол хүүхдээ өглөө аваачиж өгөөд орой нь авдаг “түр хоргодох” газар биш. Тиймээс эцэг эхчүүд энэ хоцрогдсон ойлголтоо өөрчилж, багш нартай хамтарч ажиллах хэрэгтэй.
Цэцэрлэг бол сургалтын байгууллага, тэр тусмаа хамгийн чухал гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй. Хүн амьдралынхаа туршид олж авдаг нийт мэдээллийнхээ 70 гаруй хувийг тав хүртэлх насандаа олж авдаг гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл хүн болж төлөвших хамгийн чухал үе нь балчир нас. Гэтэл бид ийм чухал үед нь хүүхдээ огт анзаардаггүй. Багш нартай асуудал бий. Гэхдээ хэн нэгэнд бурууг өгөх бус тогтолцооны хувьд өөрчлөхгүй бол 20 жилийн дараа ч ийм юм яриад л сууна.
-Энэ үйлсийг бүтээхэд төр засгийн оролцоо мэдээж чухал байх даа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Мэдээж. Төр засаг, эрдэмтэн багш, эцэг эхчүүд бидэнд ёстой “түүхэн” сонголт тулгараад байна. Өөрсдийгөө, өнөө маргаашаа бодоод явах уу. Шударга ёсыг эрхэмлэдэг, зусардан бялдуучилдаггүй өөрийн хүчиндээ итгэдэг, эрдэм чадалтай, эрүүл биетэй, сэтгэлийн тэнхээтэй, архи уудаггүй, авилга авч авдаггүй, хогоо гудамжинд хаядаггүй ухамсартай монгол хүнийг бий болгох уу Мэдээж төр засгийн дэмжлэг, эрдэмтэн багш нарын хөдөлмөр, эцэг эхийн оролцоо тун чухал. Үүнийг дэмжсэн төр засаг монгол хүнээ аварсан түүхэн гавьяа байгуулна. Хожмын үрс үүрд дурсах болно. Харин үүнийг хийхгүй аваас улс үндэстний аюулгүй байдалд ноцтой хор учирн. Цаг алдаж болохгүй. Монголоо алдмааргүй байна.