Үр хөндөлтийг хуулиар хориглох хэрэгтэй
Хүүхэд бол танд Бурханаас илгээсэн бэлэг.
2012.11.27

Үр хөндөлтийг хуулиар хориглох хэрэгтэй

Үр хөндөлтийн бууруулах боломж бий эсэхийг анагаах ухааны доктор, эмэгтэйчүүдийн эмч А.Отгонболдоос тодрууллаа.

-Манай улс үр хөндөлт хийх эрхийг нээлттэй болгоод 20 жил болж байна. Үүнээс хожсон зүйл байхгүй. Тиймээс хязгаарлах цаг нь болсон. Эрүүл мэндийн яамны өнгөрсөн оны гуравдугаар сарын 7-ны албан мэдээгээр манай улсын эмэгтэйчүудийн 70 хувь нь ямар нэгэн суурь өвчтэй гэсэн дүгнэлт гарсан. Энэ үр хөндөлттэй шууд холбоотой. Үр хөндөлт их байна гээд эмнэлгүүдийг буруутгаад байдаг.

Гэхдээ үнэндээ эмнэлгийн буруу биш, эмэгтэйчүүд өөрсдөө эм уучихаад ирдэг. Хуучин шиг эмнэлэгт очоод үр хөндөлт хийлгэдэг нь багасаад дураараа эм уудаг асуудал түгээмэл болсон байна. Тэр эм нь гадуур маш хямд. Тийм учраас би үүнийг хуулиар хориглох ёстой гэж үзэж байгаа. Гэвч энэ асуудлыг хөндөөд, шийдвэрлэе гэсэн сэтгэлтэй хүн нэг ч байхгүй байна.

-Үр хөндөлтийг хуулиар хориглох боломж бий юү?
30 жилийн өмнө энэ асуудал хориотой байхад хууль бусаар үр хөндүүлэх тохиолдол байсан.

Хэрвзэ одоо хоригловол яг тэр үе шигээ болно гэж хүмүүс яриад байдаг. Одоогийн эмэгтэйчүүдийн ухамсар сэтгэхүй социализмын үеэс өөрчлөгдсөн. Яаж хамгаалах вэ гэдгээ бүгд мэддэг болсон. Мөн эмэгтэйчүүд үр хөндөлтийн эм бэлдмэл их болсон болохоор жирэмслэлтэзс хамгаалахаасаа илүү үр хөндүүлэх асуудлыг илүүд үзэж байна. Тийм болохоор ерөөсөө болохгүй гэж хуулиар тогтоогоод хүмүүсийн ухамсарт шингээчихвэл багасахгүй гэх газаргүй.

Жишээ нь Герман ийм хуультай. Хүний зүрх зогссон үед л нас барсанд тооцдог. Тийм учраас зүрх цохилж эхэлсэн цагаас л ургийг хүн гэж тооцох ёстой. Өөрөөр хэлбэл, дөрвөн долоо хоногтой ургийг хүнд тооцох нь байна шүү дээ. Тиймээс үр хөндүүлж байгаа асуудал нь хүн алж байгаа учраас хуулиар хориглох нь зүй ёсны асуудал.