Солонгост зорчих визийн нөхцөлийг хөнгөвчиллөө
2012.09.18

Солонгост зорчих визийн нөхцөлийг хөнгөвчиллөө

УИХ-ын 2012 оны ээлжит бус чуулганы есдүгээр сарын 18-ны Мягмар гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан "Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр эхэллээ.  

Төсөлтэй холбогдуулан хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, төслийн талаарх АБГББХ-ны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар тус тус танилцуулав.

Монгол Улсын иргэдийн гадаад улсад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилтын хүрээнд тус яамнаас дээрх төсөлтэй холбоотой хэд хэдэн үе шат бүхий ажил зохион байгуулсны дүнд Солонгосын талтай эцэслэн тохиролцоод байгаа аж.

Хэлэлцээрт харилцан адил байх зарчимд тулгуурлан энгийн паспорт эзэмшигчид аль нэг талын нутаг дэвсгэрт нэвтэрснээс хойш 90 хоногийн хугацаанд гадаадын иргэний бүртгэлийн үүрэг болон визийн хураамжаас чөлөөлөгдөх, бичиг баримтаа үрэгдүүлсэн тохиолдолд дахин виз авахгүйгээр гарах эрх олгох, дамжин өнгөрөхөд давтагдашгүй хүчин зүйл үүссэн тохиолдолд визийн хугацааг тухайн улсын нутаг дэвсгэрээс гарч явах боломжтой болох хүртэл хугацаагаар үнэ төлбөргүйгээр сунгах, 72 цаг хүртэлх хугацаанд тухайн улсын нутаг дэвсгэрт визгүй байлгах зэрэг асуудал тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар дээрх нөхцөлийн дагуу хоёр улсын иргэд харилцан хөнгөлөлттэй зорчих эрхзүйн үндэс бий болж байгаа бөгөөд ялангуяа олон удаагийн урт хугацааны виз харилцан адил байх зарчмаар олгосноор визийн журам зөрчих, хууль бусаар оршин суух явдлаас урьдчилан сэргийлэх, түүнийг багасгахад чухал ач холбогдолтой юм.

 Төсөлтэй холлбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан асуулт тавихдаа гадаадад ажиллаж, амьдарч байгаа 200 гаруй мянган монгол хүний эрх ашгийг хамгаалахын тулд ГХЯ чухам юу хийж байгааг лавлаад гадаад орнууд дахь дипломат төлөөлөгчийн газруудад улс төрөөс тэтгэвэрт гарч буй “өвгөд”-ийг томилохын оронд шинэ залуу үеийнхнийг ажиллуулах, зөвхөн Солонгос төдийгүй АНУ, Япон, Европын Холбооны улсуудад зорчиход визийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг хөндлөө.

 Мөн хууль санаачлагчийн илтгэл, болон Байнгын хороны санал, дүгнэлттэй холбогдуулан С.Одонтуяа, С.Баярцогт, Б.Болор нарын гишүүд үг хэлэхдээ дээрх хэлэлцээр чухал ач холбогдолтойг тэмдэглээд гадаадын улс орнуудтай улс төрөөс гадна эдийн засаг, бизнесийн чиглэлээр түлхүү харилцах, дипломат албанд шинэ, залуу боловсон хүчнийг томилох, ЕХ-той түншлэл, хамтын ажиллагааны нэгэнт үзэглэчихээд байгаа хэлэлцээрээ даруй байгуулах,  гэр бүлийг дэмжих үүднээс гадаадад ажиллах хүчнийг сонгохдоо гэр бүлээр нь хамтад нь илгээх зэрэгт онцгой анхаарч ажиллахыг Гадаад харилцааны сайдад санууллаа.

 Гишүүд асуулт тавьж үг хэлж дууссаны дараа  Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахаар санал хураахад хуралдаанд оролцсон 39 гишүүний 32 нь зөвшөөрч, 82,1 хувиар дээрх хууль батлагдав.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.