Ямайка Улстай дипломат харилцаа тогтоохыг дэмжлээ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2012.10.09/ хуралдаанаар Монгол Улсаас Ямайка Улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг зөвшилцөв.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох чиглэлийг өгсөний дагуу манай улстай дипломат харилцаагүй, НҮБ-ын гишүүн 45 улстай дипломат харилцаа тогтоох асуудлыг Нью Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан холбогдох талуудад тавьсан ажээ.
Үүний дагуу Ямайка Улс дипломат харилцаа тогтоох тухай манай саналыг дэмжиж байгаагаа 2012 оны зургадугаар сарын 18-ны өдөр илэрхийлсэн юм байна. Тус улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг Засгийн газрын 2012 оны есдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой зөвшилцөхөөр оруулж ирж байгаа юм байна.
Ямайка улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын харилцааг хөгжүүлж, хоёр талын болон олон талт тогтолцооны хүрээнд нийтлэг эрх ашгийнхаа төлөө бие биенээ харилцан дэмжиж, хамтран ажиллахаас гадна НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, “77”-гийн бүлэг, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон талт тогтолцоо, механизмын хүрээнд хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ хэмээн уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан Сангийн сайд Ч.Улаан хэлсэн.
Уг асуудалтай холбогдуулан асуулт асууж санал хэлэх гишүүн байсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дипломат харгилцаа тогтоохыг дэмжиж буйгаа илэрхийллээ.