Г.Баярсайхан: Ардын намынхан “гал нээх тушаал өгөөгүй” гэдгээ нотлох ёстой
2012.02.17

Г.Баярсайхан: Ардын намынхан “гал нээх тушаал өгөөгүй” гэдгээ нотлох ёстой

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.

Ардын намын жирийн нэгэн гишүүн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинийг УИХ-ын Ес зүйн дэд хороогоор хэлэлцүүлэхийг хүсчээ. Тэрбээр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр Ардын намын гишүүдэд хандан "Алуурчдын нам" хэмээсэн эрхэм гишүүнийг "Намын нийт гишүүнийг доромжилсон" гэж үзээд хариуцлага тооцохыг шаардаж байгаа аж. МөнАрдын намынхан алуурчинуу, үгүй юүгэдгийг нотлохыг хүсээд нотолж чадахгүй бол уучлалт гуйхыг шаардсан байна. Энэ талаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайханаас тодрууллаа.

-Х.Тэмүүжин гишүүнтэй холбоотой өргөдөл Ёс зүйн дэд хороонд ирсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Ёс зүйн дэд хороонд өчигдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ардын намын тавдугаар үүрийн гишүүн И.Равдангаас өргөдөл ирсэн. "УИХ-ын нэгдсэн чуулган дээр Х.Тэмүүжин гишүүн Ардын намын гишүүдийг "Алуурчин" хэмээн дуудсан. Энэ нь Монгол Ардын намын олон мянган дэмжигч гишүүнийг доромжилсон хэрэг. Тиймээс арга хэмжээ авч өгнө үү" гэсэн агуулгатай. Ёс зүйн дэд хорооны дүрмийн дагуу өргөдлийг тодорхой хугацаанд шийдэх ёстой. Энэ журмынхаа дагуу X. Тэмүүжин гишүүнд өргөдлийг танилцуулсан. Дүрмийн дагуу Ёс зүйн дэд хорооны дарга асуудлыг шийдэх үүргийг хэн нэгэн гишүүнд өгч болно. Мөн өөрийн бүрэн эрхийн хүрээнд хариуг нь өгөх боломжтой.

-Тэгээд та ямар хариулт өгөх гэж байна?

-Асуудал Х.Тэмүүжин гишүүн Ардын намынхныг "Алуурчин" гэж дуудсанд байгаа. Энэ үгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар долоодугаар сарын 1-ний үймээнтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байх үеэр хэлсэн. Тэр үед мэтгэлцээн болсон. Гишүүд ч эмоцитой байсан. Бие, бие рүүгээ хатуу үг чулуудсан. Ардын намын гишүүд ч Х.Тэмүүжин, С.Эрдэнэ нарын гишүүдэд хандан хатуу үг хэлсэн байна лээ.

Миний хувьд Ардын нам байгуулагдсан цагаасаа хойш их хэлмэгдүүлэлт хийсэн үү гэдгийг тодруулж байж Х.Тэмүүжин гишүүний асуудлыг хэлэлцэх боломжтой гэж үзэж байна.

1937 онд болсон хэлмэгдүүлэлт шүү дээ. Мөн 2008 оны долоодугаар сарын 1-нд таван хүний амь нас эрсэдсэний гол буруутан нь хэн бэ гэдгийг ч тодруулах ёстой. Эдгээр хэрэг тухайн үед МАХН төр барьж байхад болсон. Тиймээс Ардын намынхан хэлмэгдүүлэлт, долоодугаар сарын 1-ний хэргийг хэн үйлдсэн бэ гэдгийг нотлох ёстой. Ардын намынхан Бид 2008 оны долоодугаар сарын 1-нд иргэд рүү буудаагүй" гэдэг. Хууль хяналтын байгууллага энэ асуудлыг бүрэн шийдээгүй байхад Ёс зүйн дэд хороо хэлэлцэхэд эрт байна.

-Долоодугаар сарын 1-нд иргэд рүү гал нээх тушаалыг Ардын намынхан өгснийг нотолсон тохиолдолд Х.Тэмүүжин гишүүнд хариуцлага тооцох шаардлагагүй гэсэн үг үү?

-Ер нь бол их хэлмэгдүүлэлт, долоодугаар сарын 1 -ний асуудалд цэг тавих ёстой. Буруутан нь буруугаа хүлээж хариуцлагаа үүрэх ёстой. Буудах тушаал өгсөн улс төрийн албан тушаалтнуудын ард нам байгаа. ,Яг хэн буруутай гэдэг нь тодорхойгүй байгаа. Тиймээс л буруутныг тогтоосон цагт Х.Тэмүүжин гишүүнд хариуцлага тооцох талаар ярих боломжтой гээд байгаа юм. Үнэхээр хүнийг гүжирдэж гүтгэсэн байвал уучлалт гуйх ёстой. Ийм л асуудал байна. Долоодугаар сарын 1 -нд хүн буудах үед Ардын намынхан засаг барьж байсан, тус намаас томилогдсон цагдаагийн дарга нар үүргээ гүйцэтгэж байсан. Тушаал өгсөн албан тушаалтнуудын ард нам, улстөрчид байгаа. Шийдвэрийг үнэхээр Ардын нам гаргасан бол асуудал өөрөөр л яригдана.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.