2012.10.10

Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай гэв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2012-10-10/ үдээс хойш хуралдаж Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын гишүүн А.Бакей Эрүүл мэндийн сайдад хандаж тавьсан асуултдаа, “өрхийн эмнэлэг иргэдэд хамгийн ойр, анхан шатны үйлчилгээ үзүүлэх ёстой. Гэтэл өрхийн эмч нар төрийн албан хаагч биш, төсөв санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаагаа явуулдаг.

Иймд өрхийн эмнэлэгт тулгамдаж буй хүндрэлтэй асуудлуудыг цаашид яаж шийдэх вэ” гэдгийг тодруулсан. Эрүүл мэндийн сайд Н.Удвал, “өрхийн эмнэлэг том бодлогын асуудал.

Статусын хувьд төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэдэг. Өрхийн эмнэлэг өнөөдөр нэг иргэнээр тооцож санхүүжилт авч байна. Харамсалтай нь энэ санхүүжилт өрхийн эмнэлгийн үйл ажиллагаанд хүрэлцдэггүй.

Иймд өрхийн эмнэлгийн санхүүжилтийг нэмэгдүүлэх талаар төсөвт тусгаж байгаа. Цаашид өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай гэж үзэж энэ асуудлыг  салбарын яамны анхаарлын төвд авсан” гэсэн хариулт өгөв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан бусад гишүүдээс асуулт асуух, үг хэлэх гишүүн гараагүй тул Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийн Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр  шийдвэрлэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.