Чингис хааны төрсөн өдөр дээр эрдэмтэн судлаачид санал зөрөхгүй байгаа гэв
2012.11.02

Чингис хааны төрсөн өдөр дээр эрдэмтэн судлаачид санал зөрөхгүй байгаа гэв

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар “Чингис хаан” одон бий болгох тухай УИХ-ын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байсан бөгөөд  тухайн асуудлаар гаргасан ТББХ-ны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Батчимэг танилцуулсан юм. 

“Чингис хаан” одонг Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр хүртээж байх, уг одонд нэр дэвшүүлэх, шагнах журмыг Ерөнхийлөгчийн зарлигаар батлахтай уялдуулан УИХ-ын тогтоолын хавсралтын холбогдох заалтыг хүчингүй болгох эрх зүйн зохицуулалт хийхээр УИХ-ын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл боловсруулжээ.

ТББХ-ны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Д.Эрдэнэбат гишүүн уг төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасан байна. Гэвч чуулганы нэгдсэн хуралдаан дээр эл асуудлаар ихээхэн маргаан дэгдсэний гол нь  Чингис хааны мэндэлсэн өдрийг 11 дүгээр сарын 14 хэмээн тогтоосон нь түүхэн үнэнд нийцэх эсэх тухай яриа байсан бөгөөд олон гишүүн энэ огноонд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Тухайлбал, Ц.Нямдорж гишүүн “Монгол бахархлын өдөр” гэдгээ зүгээр л “Чингис хааны өдөр” гэж болохгүй юм уу? 11-р сарын 14  төрсөн өдөр гэдэг дээр эцэс төгсгөлгүй маргаан болно.

Би УИХ-ын дарга байхдаа 2006 онд 6-р сарын 1-нд энэ өдрийг тэмдэглэж байсныг санаж байна. Чингис хааны төрсөн өдөр гэдэг утгаар нь бус, “Чингис хааны өдөр” гэдэг өдөр бий болгоод энэ өдрөөр амарч, шагналыг нь өгвөл зүйтэй байх. Анхны хэлэлцүүлгээр батлах саналаасаа татгалзсан нь дээр” гэлээ.   

Харин А.Бакей гишүүн уг асуултад хариулахдпаа “Энэ асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүдийн зүгээс эзэн хааны төрсөн өдөр яг мөн үү, биш үү гэдгийг сайтар хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр нь баталъя гэсэн санал нь дэмжигдээд явсан” гэсэн бол Н.Батцэрэг гишүүн түүний үгийг дэмжиж, “Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөртэй холбогдуулан түүхч, судлаач мэргэжилтэн олон хүнтэй уулзаж ярилцсан, эзэн хааны төрсөн өдрийг 16-17-18-р зууны үеийн түүхэн эх сурвалжаар хөөж байж 11 дүгээр сарын 14 хэмээн тогтсон. Монголчууд зөвхөн өнөөдрийн бидний аж төрж буй энэ хавтгай дээр амьдарч байгаа биш болохоор  хааны гал голомт, унасан газрыг нь сахиж байгаагийн хувьд бид эзэн хааныхаа төрсөн өдрийг тодорхойлох нь зүйтэй” гэлээ.  

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан энэ талаар тайлбар хэлэхдээ “800 жилийн өмнөх төрсөн өдрийг тогтооход үнэхээр хэцүү ч  Чингис хаан судлалаар өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг өдрийг 1162 оны энэ өдөр /11 дүгээр сарын 14/ байна гэдэг дээр эрдэмтэн судлаачид санал зөрөхгүй байгаа. Энэ тоо нь өнөө цагийн тооллоор яах аргагүй 11дүгээр сарын 14 мөн гэв.

Мөн А.Бакей гишүүн Байнгын хорооны хуралдаан дээр гишүүд “Чингис хаан өөрөө монгол бахархал маань юм. Тиймээс төрсөн өдөр гэх мэт зүйлээр маргалдсаар цаг алдахын оронд ямар боловч ийм өдөртэй байх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэнийг тэмдэглэн хэллээ.  

 Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд “Байнгын хорооны саналаар анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг дэмжье” гэдэг томьёоллоор нийт гишүүдийн саналыг хураахад хуралдаанд оролцсон гишгүүдийн 50 хувийн саналаар уг санал дэмжигдээгүй тул хоёр дахь хэлэлцүүлэг хийлгэхээр ТББХ-нд төслийг буцаав.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.