2009.07.30
О.Чулуунбат: Хөршдөө тааруулж хөгждөг улс хаана ч байхгүй
Стратегийн ач холбогдолтой ордуудын дэд бүтцийн хэтийн төлөв, эдийн засгийн үр ашгийн талаар УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай ярилцлаа.
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд алхам ч гэсэн ахиц гарлаа. Энэ үйлдвэр ашиглалтад орлоо гэхэд бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах зам тээвэр, дэд бүтцийн талаар та ямар төсөөлөлтэй байна вэ?
-Өнөөдөр Монголын газрын баялаг, уул уурхайн бүтээгдэхүүнийг гадаадад гаргахад дэд бүтцийн хөгжил муу байгаа нь маш их саад болж байна. Монгол Улсад дэд бүтэц бараг байхгүйтэй адил байна шүү дээ. Нэгдүгээрт төмөр зам, хоёрдугаарт авто зам, гуравдугаарт цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугамууд Монголд ерөөсөө байхгүй. Энэ том уурхай, ордуудын хооронд зам байхгүй. Эрчим хүч, усан хангамж, орон сууц, нийгмийн дэд бүтэц байхгүй байна. Тийм болохоор энэ салбарыг нийтэд нь асар богино хугацаанд хөгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ үүнийг төсвийн мөнгөөр хөгжүүлнэ гэвэл дахиад зуун жил болно. Бид өнгөрсөн хориод жилд төсвөөрөө хөгжих гээд ядаад байна шүү дээ. Тэгвэл ядуу хэвээрээ л байна. Тиймээс зоригтой зээл аваад, хариуцлагаа хүлээгээд, дэд бүтцээ хурдан хөгжүүлэх хэрэгтэй.
-Төмөр замыг барих ажилд хоёр хөршийн алинтай нь хамтарвал бидэнд аюулгүй байдал, эдийн засгийн үр ашиг талаасаа ашигтай гэж та боддог вэ?
-Би бол хоёр хөршийн энэ нь дээр гэж яримааргүй байна. Монголд ашигтай хувилбар хаана байна, түүнийг л сонгох ёстой. Заавал хөршдөө тааруулж хөгжинө гэж ямар юм байх вэ. Өөртөө тааруулж л хөгжих ёстой. Би тэгж л боддог.
-Далайд гарцтай болох нь Монгол Улсад олон талын ач холбогдолтой. Энэ талаар?
-Далайд гарцтай болох нь маш их ашигтай. Бүтээгдэхүүнээ ганцхан зах зээлд цоожилчихож болохгүй шүү дээ. Тиймээс бид хамгийн багаар бодоход далайд хоёр гарцтай байх ёстой. Нэг нь авахгүй бол нөгөө тийш нь гаргана гэсэн тооцоогоор ингэж л төлөвлөх хэрэгтэй.
-«Оросын төмөр зам» нээлттэй хувьцаат нийгэмлэг энэ талаар манайхтай хамтрахаар тодорхой яриа хэлэлцээрт хүрээд байгаа. Энэ өдрүүдэд Хятадын төмөр замын яамны дэд сайд манай улсад айлчилж байна. Тухайлбал «Оросын төмөр зам» хэр найдвартай түнш вэ?
-Бас л нэг хувилбар. Бид далай руу гарах хамгийн богино, хямд хувилбарыг сонгох хэрэгтэй. Тянь-Жин бол Монголын хамгийн ойрхон гарц боловч Бээжингээр дайрдаг болохоор багагүй хүндрэлтэй байж мэдэх юм. Энэ их гүрний том захын хамгийн төв хотоор нь дайрч гарах нь манай ачаа удаашрах, саад болох байдалтаи болох талтай. Харин хэрэв Владивосток руу шууд манай Дорнодоор дайраад саадгүй гарах бололцоотой болчихвол бид түүнийг ашиглах хэрэгтэй.
-Манай Оюутолгойн зэс, Тавантолгойн нүүрс аль гарцаар гарвал илүү эрэлттэй байх бол?
-Бүтээгдэхүүн маань хаана илүү эрэлттэй байна вэ гэдгийг бид урьдчилж харах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар зэсээ гарцаагүй Хятадад өгөхөөс өөр аргагүй. Хамгийн ойрхон зах зээл, биднээс ч зардал гарахгүй амар. Бид зэсээ үүрээд Америк руу аваачиж зарахад хүндрэлтэй биз дээ. Тэр утгаараа Хятад руу өгөх нь манайд ашигтай. Коксжсон нүүрсний хувьд Хятадаас гадна Солонгос, Япон, ОХУ, Европын орнууд бүгд авахад бэлэн байгаа. Үүнийг бол харин бид өөр тийш гаргаж болно. Хятад өөрөө том хэрэглэгчээс гадна томоохон үйлдвэрлэгч шүү дээ. Гэхдээ л манай коксжсон нүүрсийг авах сонирхолтой. Яагаад гэвэл манай коксжсон нүүрс хямдхан шүү дээ.
-Дээрх хоёр томоохон ордын хөрөнгө оруулагчид эхний ээлжид өөрсдөө дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэхээс өөр аргагүй. Дараа нь төр түүнийг нь авна гэж байгаа. Энэ шударга шийдвэр мөн үү?
-Дэд бүтцийг хувийн компаниуд өөрсдөө барьсан ч болно. Монголын төр ч барьж болно. Гэхдээ төсвийн мөнгөөр л барьж болохгүй.
-Зөвхөн хөрөнгө оруулалтаар барих ёстой гэсэн үг үү?
-Зөвхөн хөрөнгө оруулалтаар, гэхдээ эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр барих ёстой. Яагаад гэвэл энэ чинь асар их орлоготой маш том бизнес шүү дээ.
-Монгол Улс тэндээс юу хожиж болох вэ?
-Юуны өмнө бөөн татварууд байгаа шүү дээ. Энэ чинь бүгд Монголд орж байгаа орлого. Хоёрдугаарт Оюутолгойг дагаад жижигхэн хотхон бий болж, тэд амьдрахын тулд олон бизнесүүдийг үүсгэнэ. Ямар ч байсан 200 орчим бизнес шинээр бий болж, монголчууд тэндээс их орлого олж, дээр нь ажлын байртай болно. Энэ том хөгжил биш гэж үү.
-Манайхан гаднын хөрөнгө оруулагчдаас татвараар ихийг олно гэж яриад байна. Татвараас өөр ямар арга зам байна?
-Татвар бол хамгийн гол зорилго, эдийн засгийн өгөөж нь биш шүү дээ. Хамгийн муу жишээ татахад «Бороо гоулд»-ыг манайх бүх татвараас нь чөлөөлсөн мөртлөө манай эдийн засагт нийт орж байгаа мөнгөнийхөө тал хувийг нь өгөөд байдаг юм шүү дээ. Татвар, дээр нь Монголын компаниудын төлж байгаа мөнгө нийлээд л 50 гаруй хувь болчихдог. Бүх татвараас чөлөөлөгдсөн «Бороо гоулд» тийм байгаа. Тэгэхээр Оюутолгойгоос Засгийн газрын хэлж байгаагаар 50-70 хувийн эдийн засгийн өгөөжийг нь бид авч л таарна. Энэ бол маш сайн үр ДҮН.
-Оюутолгойн гэрээ байгуулах эрхийг Засгийн газарт өгснийг та зөв гэж үзэж байна уу?
-Зөв. Засгийн газар л хийх ёстой. УИХ-ын гишүүд үүнийг хийнэ гэвэл 76 өөр бодолтой байгаа. Хэзээ ч хэрэгжихгүй.
-Одоо Засгийн газарт уг гэрээ хэр удаан гацах бол?
-Хурдан батлагдах тусмаа сайн. Би төдийд батлагдана гэж хэлж мэдэхгүй.
-«Рио Тинто» даварч байна гэж олон монгол хүн бухимдаж, дургүйцэж байна. Хэрэв «Рио Тинто» Монголоос гарчихвал хятадуудтай гэрээ хийж таарна. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Бид дэлхий дээр амьдарч байгаа хүн төрөлхтний л адил хүмүүс. Нэг их гоц гойд мундаг ухаантнууд биш. Гэхдээ бид энэ ааш араншингаараа хамгийн ядуу амьдарч байгаа нь гээд л ойлгочих. Бусад орнууд гадаадын болон өөрийн орны хөрөнгө оруулалтыг урамшуулж, таатай нөхцлийг бүрдүүлээд амьдрал нь дээшилж байна. Монгол Улсыг хар даа. Сүүлийн 2-3 жилд улам л уруудаад байна шүү дээ.
-УИХ-ын энэ удаагийн хаврын чуулган завсарлахын өмнөхөн улсын төсвөөс ЖДҮ-ийг дэмжихэд 30 тэрбум төгрөг гаргахаар баталлаа. Энэ шийдвэр төсвийн үрэлгэн байдлын илрэл үү, эсвэл тодорхой хугацааны дараа өндөр үр ашиг өгөх болов уу?
-Үүнд төсвөөс мөнгө зарцуулах шаардлагагүй. Төрөөс арилжааны банкуудад баталгаа гаргаж өгөх хэрэгтэй. Энэ чинь мөнгө төлнө гэсэн үг биш. Монголоос болон гадаадаас жижиг, дунд бизнес, тоног төхөөрөмж оруулж ирсэн хүн мөнгөө заавал эргүүлж төлсөн байх ёстой шүү гэдгийг нь л төр хууль, эрх зүйн үүднээс баталгаажуулж, хариуцлагыг нь чангатгах ёстой. Тоног төхөөрөмж оруулж ирчхээд зээлээ төлж чадахгүй бол түүнийг нь хураагаад л авдаг, зардаг байж болно.
-Та энэ санаагаа хуульд шингээж өгөх гэж оролдов уу?
-Бүхий л талаар хэллээ. Тэгээд болдоггүй юм байна. Ер нь манай бизнесийн орчин улам муудаад байна. Би тэрийг л их сайн мэдэрч байна. Бүгдээрээ их сайхан юм ярих боловч хийхдээ дандаа буруу шийдвэр гаргаж байна.
-УИХ-д бизнесмэнүүд нэмэгдээд байгаа ч бизнесийн таатай орчин бүрдэж өгөхгүй байгаагийн учир юунд байна аа?
-Бизнесмэнүүд УИХ-д орж ирснээрээ ч бизнесийн орчин сайжирдаггүй юм байна. Яагаад гэвэл нөгөөдүүл чинь хоорондоо сөргөлдөөд байдаг тал байна. Тиймээс аль нэг шийдвэр нэг талдаа ашигтай гарчих гээд байвал саатуулдаг.
-Орос орныг муучилсан бодлого хэвлэл мэдээллээр явагдах боллоо. Ийм бодлого тодорхой лобби бүлгийн захиалгатай нь ч анзаарагдаж байна. Та үүнийг юу гэж бодож байна?
-Ер нь Монгол Улс энэ хоёр хөрштэйгөө л хамт амьдрахаас нүүгээд Америкт очиж чадахгүй шүү дээ. Гэхдээ ямар ч бодлого, арга хэмжээ, стратеги эхлээд Монголын эрх ашигт илүү нийцэж байх ёстой. Монголын эрх ашигт л нийцэж байвал Хятадтай ч, Оростой ч хамтарч болно.
-Олигарх сүлжээ өнөөдөр Монголд үнэхээр байна уу. Жишээ нь Оросуудтай хамтарч ажиллах гэхээр л олигархуудтай сүлбэлдлээ гэж хардаж байна?
-Байж болно. Хэрэв Монголын эдийн засгийн хөгжилд сайнаар нөлөөлөх, ажлын байр нэмэгдүүлэх, монголчуудын орлогыг сайжруулах, амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн олигархиудын үйл ажиллагааг бол бид дэмжих л ёстой. Яагаад болохгүй гэж. Олигарх гээд нэг хүн байг. Тэр чи, бид хоёроос ялгаагүй. Хичнээн баян байлаа гээд хоёр машиндаа зэрэг сууж чадахгүй. Манайхан хэт баяжихаас болгоомжлоод байх юм. Би бизнесмэн ч биш, их мөнгөтэй ч хүн биш. Гэхдээ бид бизнес хийж байгаа, их мөнгөтэй хүмүүсийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэж амьдрах ёстой. Өөр арга байхгүй. Бусад салбарын оддыг бид хүлээн зөвшөөрдөг, хүндэлдэг шүү дээ. Хакухо, Сараа, С.Жавхлан, Т.Ариунаа нарт атаархаад яах юм бэ. Тэдний нэгэн адил бизнес хийгээд баяжсан хүмүүст атаархаж саад хийх нь бид өөрсдөдөө л саад хийж байгаатай адил юм.
-Одоогоор бизнес хийхэд учирч байгаа хамгийн том саад юу байна?
-Миний ойлгож байгаагаар учраа олохгүй маргалдаад байгаа явдал их байна. Энэ нь цаанаа Үндсэн хуультай холбоотой.
-Яагаад?
-Яагаад гэвэл хариуцлага хүлээдэг төрийн бүтэц байхгүй байна шүү дээ. УИХ ямар ч хариуцлага хүлээхгүй мөртлөө бүгдийг нь зогсоож чаддаг. Засгийн газар УИХ-гүйгээр шийдвэр гаргаж чаддаггүй. Тэгсэн мөртлөө гүйцэтгэгч. Ерөнхийлөгч эрх мэдэлгүй мөртлөө бүгдийг зогсоож чаддаг. Тэгэхээр гүйцэтгэгчээсээ гацаа нь их болчхоод байна. Тиймээс Үндсэн хуулиа эргэж харах хэрэгтэй. Үндсэн хууль өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд Монголын хөгжилд зохих үүргээ сайн биел үүлсэн. Гэхдээ одоо эргэж харахаас аргагүй болжээ. Жишээ нь 20 жилийн өмнө Монголд «Москвич» хамгийн сайн байсан бол одоо «Бенз» илүү болсон. Түүнтэй адилхан тогтолцоогоо эргэж харахгүй бол болохгүй байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.