Xожих хожигдохын тухай би юу ч боддоггүй...
2012.06.07

Xожих хожигдохын тухай би юу ч боддоггүй...

chuka_tennis

TIME OUT сэтгүүл "Спортод элэгтэй эрхэм" буландаа Монголын спортын хөгжилд эдийн засгийн болоод сэтгэл санааны дэмжлэг үзүүлсээр ирсэн эрхмүүдтэй хийсэн ярилцлагаа уншигчдад толилуулдаг уламжлалтай билээ.Бид энэ дугаарынхаа хүндэт зочноор Монголын ширээний теннисний холбооны Ерөнхийлөгч О.Чулуунбатыг урьж ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргье! Ямар шижмээр та ширээний теннисний спорттой холбогдсон хийгээд хэзээнээс энэ спортыг дэмжин ажиллах болсон тухай яриагаа эхэлбэл ямар вэ?
-Баярлалаа. Би багадаа хоолойны ангина болон бага зэрэг зүрхний өвчтэй хүүхэд байсан. Тиймээс аав, ээж минь спортоор хичээллэвэл өвчин нь гайгүй болох байх хэмээн ширээний теннисний спорттой нөхөрлүүлсэн юм. Тэгээд 1970 онд буюу 12 насандаа ракет, бөмбөгтэй нөхөрлөж билээ. Эрүүл мэндэд маань ч өөрчлөлт мэдрэгдэж өвчнөө мартаж, энэ спортод их хайртай болсон. Тиймээс ийм сайхан спорттой нөхөрлүүлж өгсөн аав, ээж хоёртоо их баярлаж явдаг юм. Одоо ч гэсэн тенниснийхээ зааланд ороод тоглох их сайхан.

-Энэ холбооны ерөнхийлөгчөөр хэзээнээс ажиллаж эхэлсэн юм бэ?
-Мэдээж хэрэг өөрөө энэ спортын тамирчин, цаашлаад спортын мастер хүн. Тиймээс энэ ажлыг хийх ёстой гэж бодож явсан. Манай ширээний теннисчид хоорондоо ах дүү шиг л халуун дулаан уур амьсгалтай. Нэг ёсны нэг гэр бүл шиг байдаг. Тэд "Чука чи холбоог удирдаж арай өөр шатанд гаргаж ирээч" гэсэн хүсэлт, нэг ёсны даалгавар хүлээлгэсэн. Тиймээс би тэдний итгэлийг алдахгүй юмсан гээд одоог хүртэл зүтгэж байна. Гол нь хүүхэд бүр эрүүл байгаасай гэсэн эрхэм зорилготой. Эрүүл хүн л хийж бүтээх эрхэм зорилготой байдаг учир Монголын минь мянга мянган хүүхэд эрүүл өсч торниосой гэж боддог. Ийм л санаагаар ширээний теннисний спортыг хөгжүүлэхийг зорьж явна. Тиймээс заавал олимпод оролцох, Азид өндөр амжилт үзүүлх ёстой гэсэн зорилгыг нэн түрүүнд тавьдаггүй. Спорт хөгжихийн эрхээр амжилт харагдаж эхэлдэг шүү дээ.
-Хөдөө орон нутгийн хүүхдүүд эд матриаллаг баазаар хангаж өгсөн нь амжилт үзүүлэхэд нь нөлөөлж байна гэж байсан?
-Энэ спортыг хөгжүүлэх үүднээс 100 ширээ бэлэглэсэн юм. Эхнээсээ үр дүн нь мэдрэгдэж өсвөр үеийн тэмцээнд нийслэлийн хүүхдүүдтэй эн тэнцүү тоглож эхэлж байна. Жишээ нь Бүх ард түмний 13 дугаар Их наадмаар л гэхэд Баянхонгор аймгаас бэлтгэгдэж орсон Эрдэнэсувд охин түрүүлсэн нь нийслэл болон хөдөө орон нутагт энэ спорт жигд хөгжиж байгаа нь харагдаж байна. Тиймээс нэн түрүүнд тэдэнд зориулалтын заал барьж өгнө гэдэгт бат зогсож байгаа. Жишээ нь зориулалтын бус зааланд хэдхэн цаг бэлтгэл хийн, өөр спортуудтай заалаа хуваалцана гэдэг тун хүнд. Үүнээс шалтгаалан 500 сая төгрөгийн зардлаар ширээний теннисний "Оч" клубыг байгуулсан. Энэ жилдээ дахин томоохон заал барих төлөвлөгөөтэй байгаа. Санхүүгийн хувьд өөрийн зүгээс болон гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтрах байх. Ингэснээр манай шигшээ багийн болон тэдний залгамж халаа өсвөрийн тамирчдыг бэлтгэхэд ихээхэн үр дүн мэдрэгдэх байх. Мөн манай хойд хөршид дэлхийн хамгийн шилдэг теннисчид байдаг. Тамирчдаа тэдэнтэй хамтарсан бэлтгэл хийлгэж, туршлага солилцуулах замаарур чадварыг нь дээшүүлэх болно.
-Манай тамрчдын ур чадварын тал дээр та юу хэлэх вэ. Шигшээ багийн тамирчид маань саяхан болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэн.
-Тиймээ. Герман улсын Дортмунд хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид амжилттай оролцоод ирлээ. Эрэгтэй шигшээ багийн тамирчдын хувьд бүх өрсөлдөгчөө ялж хэсэгтээ найм тоглон нэг ч ялагдал хүлээсэнгүй сайхан ялалттай ирсэн. Харин эмэгтэйчүүд маань тааруухан тоглосон ч зэрэглэл буураагүйд баяртай явдаг. Үүнээс л гэхэд манай тамирчдын ур чадвар харагдаж байгаа юм. Цаашдаа тэдэнд илүү боломж байгаа гэдэгт итгэдэг.
-Та өөрөө энэ спортын тамирчин байсан. Хуучны сайхан дурсамж сөхөх гэсэн юм. Олон ч удаа ялж, ялагдаж явсан байх даа?
-Хамгийн анх 10 дугаар ангид байхдаа Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байлаа. Түүнээс хойш Москвад сургууль төгсч ирчихээд 1982 оны Улсын спартакиадын нэг бүрчилсэн тоглолтод оролцсон юм. Тэгсэн улсын таван удаагийн аварга, манай шилдэг мастеруудын нэг багын найз Цэдэнбалжиртайгаа аваргын төлөө таарч хожигдоод мөнгөн медаль хүртэж байсан. Эргээд бодоход надад муухай хожигдол гэж байхгүй л дээ. Ялалт, ялагдал яг ижилхэн. Зааланд ороод ялагдаж байсан ч ракетаа бариад тоглож байх л сайхан. Түүнээс биш хожих, хожигдохын тухайд би юу ч боддоггүй.
-Энэ спортын сайхан зүйл нь юундаа байдаг юм бэ?
-Хамт тоглож байгаа теннисчид нэг гэр бүл шиг байдаг тухай хэлж байсан даа. Тиймээс тэдэнтэйгээ баяр ёслолоо хамтдаа тэмдэглэж, гуниг зовлонгоо ярилцан сууж, энэ л хамт олон дунд амьдарч байгаа минь хамгийн том азжаргал юм.
-Таны хүндэлж явдаг тамирчин?
-Дэлхийд алдар нэрээ дуурсгасан, Tour de France тэмцээний долоон удаагийн аварга Ланс Армстроныг хүндэлж явдаг. Түүнийг долоон удаа түрүүлэхэд нь биш хорт хавдар, үхэл хоёрыг сөрж ялсанд нь бахархдаг юм. 1997 оноос эхлэн өөрөө өвдөж зовж байсан ч тэр өвчнөөр өвдөж буй хүмүүст туслах зорилгоор Lance Armstrong Foundation байгуулаад олон сая доллар босгон, хүмүүст буян үйлдэж буй гээд тамирчин гэдгээсээ гадна хүн талаас нь харахад их зөв хүн санагддаг юм. Манай тамирчид ч үүнээс үлгэр жишээ авах хэрэгтэй. Мөн биднийг бага байхад манай тамирчид бөхийн спортоор дэлхийд хүчтэй байлаа. Дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нарын мундаг бөхчүүд гэж боддог. Дэлхийд ч аваргаа баталдаг байсан. Хүндлэхээс аргаггүй хүмүүс.
-Танай гэр бүлээс энэ спортын хүн байдаг уу?
-Би л гэрээсээ энэ спортод сонирхолтой юм шиг байгаа юм. /Инээв/ Хүүгээ Москвад байхдаа тэндэхийн теннисний томоохон клубт аваачиж оруулж байсан. Гэтэл нэг их удалгүй сонирхохоо больчихсон. Охин минь ч ялгаагүй. Харин бага охиноо ракет, бөмбөгтэй нөхөрүүлнэ гэж боддог. Одоо таван настай учир арай л болоогүй байна. Сүүлийн минь найдвар шүү дээ. /Инээв/

-Монголын ширээний теннисний спортыг санхүүгийн болоод сэтгэл зүйн хувьд дэмжиж явдагт тань нийт ширээний теннисчдийн өмнөөс баярласнаа илэрхийлээд таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье! Цаг гарган ярилцсанд баярлалаа.

-Та бүхэнд бас баярлалаа. Танай сэтгүүлийн хамт олонд бас ажлын амжилт хүсье!
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.