О.Чулуунбат: Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх чухал хуулийн төсөл гэдгийг анхаарах хэрэгтэй
Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан дөнгөж сая завсарлалаа.Өнөөдрийн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцийн хэлэлцүүлгйиг хийхээр төлөвлөсөн ч зарим хуулийн төслүүдийг хэлэлцсэнгүй.
Гишүүдийн хамгийн маргаан дагуулсан асуудал нь Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэг байв. Гишүүдийн зарим нь гадаадын хөрөнгө оруулалтад хяналт тавьснаар эдийн засгийн хувьд ашиггүй, хөрөнгө оруулагчдыг хааж боосон хууль болчихвий гэсэн болгоомжлол байгаагаа илэрхийлж байлаа. Тухайлбал УИХ-ын гишүүн О.Чулуунбат “Энэ хууль бол эдийн засаг болоод үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх чухал хуулийн төсөл. Сонгууль дөхсөн үед яаравчлан шийдэх хэрэг байна уу. Хууль батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулалтын асуудал багасах саад учир ч болзошгүй. Тийм учраас нухацтай авч үзэх хэрэгтэй” гэсэн байр суурийг хэлж байв. Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийн эцийн хэлэлцүүлгийг хийж чуулганы хуралдаанаар оруулахаар боллоо.