“МИАТ” ирэх онд шинэ “Боинг” онгоцтой болно
Хуралдааны үеэр. МИАТ компани төлөөлөл.
2012.10.31

“МИАТ” ирэх онд шинэ “Боинг” онгоцтой болно

Тогтоолын төсөл болоод байнгын хорооны ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ажлын хэсгээс оруулсан саналын томьёоллоор санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Уг асуудлын дараа “МИАТ” ХК-ийн үйл ажиллагааны явц, байдлын талаар мэдээлэл сонслоо. Мэдээллийг “МИАТ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Орхон хийлээ.

Өдгөө агаарын дөрвөн хөлөгтэй тус компани Бээжин, Сөүл, Токио, Осака, Хонгконг, Москва, Берлин рүү нислэг үйлдэж байгаа бөгөөд 2012 оны эхний есөн сарын байдлыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал аялалын тоо 9 хувь, аяллын цагийн тоо 11 хувь, зорчигч тээвэрлэлт 19 хувь, нийт орлого 31 хувиар нэмэгджээ. Ашгийн хувьд өнгөрсөн онд 1.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн бол 2012 оны байдлаар 0.1 тэрбум төгрөгийн ашигтай яваа юм байна. Одоо нислэг үйлдэж байгаа дөрвөн онгоцыг 10-16 жил ашигласан бөгөөд сүүлийн онгоцны түрээсийн хугацаа 2016 оны дөрөвдүгээр сард дуусах ажээ. “МИАТ” ХК 2008 онд Засгийн газрын шийдвэрээр орон нутаг руу үйлдэх нислэгээ зогсоосон юм байна. Тус компанийн алдагдал хүлээж байгаа гол шалтгаан нь шатахууны өндөр үнэ, мөн аэронавигацийн хураамж нэмэгдсэнтэй холбоотой гэж Ц.Орхон захирал мэдээлж байсан.

“МИАТ” ирэх онд шинэ Боинг онгоц авахаар тохиролцоонд хүрээд байгаа юм байна. Анхны үнэ 185 сая ам.доллар ч нэлээд ярилцсаны дүнд 100.3 сая ам.доллараар авахаар тохиролцсон байна.

Эхний төлбөр болох 37.7 сая ам.долларыг төлөн, үлдэх 90-ээд сая ам.долларыг АНУ-ын Exim банкнаас авахаар болсон юм байна.

Тус компанийн алдагдал хүлээх болсон өөр нэг шалтгаан нь  агаарын зорчигч тээврийн эрэлт, нийлүүлэлтийн харьцаа алдагдсаных гэж Ц.Орхон захирал хэлсэн. Нислэг үйлдэж байгаа гурван компанийн 7 онгоцоор жилдээ 1.2 сая зорчигч тээвэрлэх боломжтой юм байна. Гэтэл эрэлт нь жилдээ 400 мянган суудал байдаг ажээ. Тэгэхээр эрэлт нь нийлүүлэлтээсээ гурав дахин бага байгаа юм байна. Үүнээс болоод агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа хувийн компаниуд 20-иод тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа хэмээн тэрбээр мэдээлэлдээ дурдсан юм.

Ийнхүү товч мэдээлэл хийсний дараа гишүүд асуулт асууж хариулт авсан. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл 1993 оноос хойш төрийн зүгээс тус компанид ямар хөрөнгө оруулалт хийсэн, тэр нь хэр үр ашигтэй байсныг тодруулсан юм. Ц.Орхон захирлын хариулснаар 1993 оноос хойш төрийн зүгээс МИАТ-д ямар нэг хөрөнгө оруулалт хийгээгүй юм байна. Харин ИНЕГ-аас 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Бусад үед тус компани өөрийн бизнесийн үйл ажиллагаагаар явж ирсэн гэлээ.

МИАТ алдагдалтай, хувийн компаниуд алдагдалтай байгаа гэж байна. Тийм бол хувийн компаниуд яагаад дампуурахгүй байгаа юм бэ. МИАТ-ийн хувьд аюулгүй ажиллагааны тал дээр хэрхэн анхаарч байна вэ гэж УИХ-ын гишүүн Г.Уянга асуулаа.

“МИАТ”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Орхон, “Компанийн хувьд энэ он гарсаар 0.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаад байна. Хувийн компаниуд 18-20 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа талаар сонсч байсан. Нислэг үйлдэх шугам, тээвэрлэх зорчигч байхгүйгээс алдагдал хүлээхэд хүрч байна. БНСУ гэхэд агаарын тээврийн зөв бодлого барьсны үр дүнд Korean Air хөл дээрээ бат зогссон. Энэ улс агаарын тээврийн зах зээлийг таван жилийн өмнөөс л чөлөөлсөн. Гэтэл манай улсад агаарын тээврийн зах зээлийн зохицуулалтыг орхисноос агаарын тээврийн компаниуд 20-иод тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Нэг чиглэлд давхар нислэг үйлдсэнээс хэн хэн нь алдагдал хүлээж, аюулгүй ажиллагаанд  ч нөлөөлж мэдэхээр байгаа.

Аюулгүй ажиллагааны тухайд “МИАТ” олон улсын шаардлагыг хангаж байгаа. Аюулгүй ажиллагааны аудитыг олон улсын итгэмжлэгдсэн байгууллагаар хоёр жилд нэг удаа хийлгэн гэрчилгээ авдаг. Олон улсын аудитын байгууллага манай аюулгүй ажиллагааг шалгаад 85 гэсэн үнэлгээ өгсөн. Хятад, орос, солонгос, японы иргэний нисэхийн газраас ч мөн давхар хяналт тавьж байдаг” гэлээ.

Нисэхийн боловсон хүчин, ганц компаниас үнэтэй шатахуун авч алдагдал хүлээдэг асуудлыг хэрхэн шийдэх талаар гишүүд тодруулсан.

Боловсон хүчний асуудалд “МИАТ”-ийн зүгээс ихээхэн анхаарал хандуулж жилдээ 10 гаруй нисэгч бэлтгэж байгаа талаар компанийн удирдлага хэлсэн. ИНЕГ-тай хамтран жилд АНУ-д 5-10 нисэгч бэлтгэж байхаар тогтсон юм байна.

Онгоцны шатахууны талаар Ц.Орхон захирал нэлээд зүйл ярьсан. Тус компанийн нийт зардлын 33 хувийг шатахуун эзэлдэг ажээ. Хямд үнэтэй шатахуун авахыг чухалчлан шатахууны нийлүүлэлтээр жил бүр л тендер зарладаг юм байна. Уг нь онгоцны шатахуун импортлох эрхтэй 4-5 компани байдаг ч хамгийн хямд үнэ санал болгож байгаа нь “Содмонгол” байдаг аж. Учир нь оросын нефьтийн бүтээн үйлдвэрлэгч “Роснефьт” “Содмонгол” компанид Эрхүү, Ангарскаас шатахуунаа нийлүүлдэг гэрээтэй ч , бусад компаниудад Омск гэх мэт холын газраас авах болзол тулгадаг юм байна. Тэгэхээр бусад компаниудынх “Содмонгол”-оос өндөр үнэтэй тусаад байдаг гэнэ. Хэдийгээр “Содмонгол” компанийнх хамгийн хямд ч гэлээ гадаадын үнэ ханшаас 40-50 хувь үнэтэй байгаа ажээ. Тиймээс “МИАТ”-ын зүгээс өөрсдөө шатахуун импортлох хүсэлтээ тавиад байгаа бөгөөд “Роснефьт”-тэй тохирох асуудлыг Засгийн газар шийдээсэй хэмээн хүсч байгаа гэж тэрбээр мэдээлсэн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.