Г.Баярсайхан: Цалингаас өөр орлогогүй юм бол босго гэх 50 сая төгрөгийг хаанаас, хэнээс авч төлөх болж байна
2011.04.20

Г.Баярсайхан: Цалингаас өөр орлогогүй юм бол босго гэх 50 сая төгрөгийг хаанаас, хэнээс авч төлөх болж байна

УИХ-ын гишүүн З.Энхболд, Н.Батбаяр, Г.Баярсайхан тэргүүтэй АН-ын гишүүд намын дарга Н.Алтанхуягт бичиг өргөн барьжээ. Энэ талаар УИХ-ынгишүүн Г.Баярсайханаас тодрууллаа.

-Та бүгдийн хүргүүлсэн бичгийг АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцээд хойшлуулсан юм уу?


-Нэр бүхий гишүүдийн илгээсэн бичгийг АН-ын гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. Нэр дэвших босгоны 50 сая төгрөгийн эхний арав гаруй сая төгрөгийг хурааж эхлэхийг ирэх долдугаар сарын нэгэн хүртэл хойшлуулахаар болсон байгаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ярилцахаар дөнгөж яриа, хэлэлцээ хийж эхлээд, ямар тогтолцоог сонгохоо ч тогтоогоогүй байж нэр дэвших босгыг өндөр тогтоож мөнгө хурааж эхлэх нь зохимжгүй гэж үзэн бид тэр шаардах бичгийг өгсөн. Сонгуульд нэр дэвшихээ илэрхийлэх хүн намдаа 50 сая төгрөг тушаа гэхээр жирийн албан хаагч, мөнгө хуримтлуулаагүй сэхээтэн, чадварлаг залуус хаанаас тэр мөнгийг олох болж байна. Хэтэрхий өндөр босго тогтоох нь оюунлаг, төрд хоёргүй сэтгэлээр зүтгэх, мэдлэг, чадвартай хүмүүсийн улс төрд орох замыг хааж байгаа хэрэг. Энэ нь мөнгөний сонгууль руу түлхэж,гишүүдийг барьцаанд оруулах гэмтэй. Цаад утгаараа мөнгөтэй хүн л улс төрд орж болно гэж хязгаарлах гээд байгаа хэрэг биш үү. УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гишүүдийн бөглөсөн хөрөнгө орлогын мэдүүлэг байна. Түүнээс харахад дийлэнх нь цалингаар амьдардаг гэж бичсэн байдаг. Цалингаас өөр орлогогүй юм бол босго гэх 50 сая төгрөгийг хаанаас, хэнээс авч төлөх болж байна. Хэдийгээр зөв бодолтой, үзэл бодолдоо тууштай хүн ч мөнгөний босгыг нь төлж дийлэхгүй, шахагдахгүй гэсэндээ арга саам эрэлхийлж, яаж ийж байгаад олоод өгөх л байх даа. Гэхдээ хүнээс хандив нэрээр мөнгө гуйж авах нь эргээд нөгөө хүнийхээ халаасны хүн болж хувирахад хүргэнэ. Тэгвэл улс төр, эдийн засгийн бүлэглэлийн хараат болгох замыг нь тавьж өгөх гээд байгаа юм биш үү гэж бодож байна.

-АН-ын дарга ямар тайлбар хийж байх юм?

-Намын дарга ямар тайлбар хийж байгааг сайн мэдэхгүй байна. Сонгууль дөхөж байгаа учир намын санхүүжилт гэдэг утгаараа гишүүдээсээ мөнгө татах гэсэн байх.Энэ татаж байгаа санхүүгийн эх үүсвэр нь юунд зарцуулагдах нь ч тодорхойгүй байгаа. Ер нь Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулмаар байгаа юм. Намууд өнөөдөр хэтэрхий бизнес тал руугаа хэлбийж байна. Хэн нь том байшин барьдгаараа уралдаад л, тэр байрныхаа зарим өрөөнүүдийг түрээсэлж, хүүтэй мөнгө зээлнэ гээд ашгийн төлөө ажилладаг бизнесийн байгууллага шиг уйл ажиллагаа явуулж намын утга учир алдагдаж эхэлсэн. Нам бизнесийн байгууллага болох тал руугаа хэлбийхээр бохир зүйлд гүн хутгалдана. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй байна. Улс төрийн намуудад тийм их хөрөнгө, олон давхар орд харш байх шаардлагагүй. Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд нэлээд өөрчлөлт оруулж санхүүжилтийн асуудлыг тодорхой болгомоор байгаа юм. Барууны орнуудад намуудыг эдийн засгийн бүлэглэлтэй хутгалдуулахаас сэргийлж улсаас санхүүжилтийг нь өгдөг юм билээ. Улс орны хэмжээний асуудлын талаар судалгаа хийлгэхэд нэлээд боломжийн хөрөнгө төсөвлөж өгдөг. Ингэснээр том групп, корпорациас хандив, хөрөнгө авах шаардлагагүй болгох боломжийг олгоно. Улсаас намуудыг санхүүжүүлдэг болгоход ямар намд хэр хэмжээний мөнгө төсөвлөх вэ гэсэн тодорхой шалгуур болзлыг бий болгож босго тогтоох, хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг чангатгах, намуудын санхүүжилтийн ил тод, нээлттэй болгох цаг болсон.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.