Саакашвилийн төгсгөл
Гүрж сонгуулиа холимог тогтолцоогоор явуулав. Нийт 150 депутатын 77-г нь намын нэрсийн жагсаалтаар, 73- ыг нэг мандаттай тойргоос өрсөлдүүлэн сонгосон. Санатэрглын хуудсын 15 хувийг нь тоолсон дүнгээс үзвэл “Гүржийн мөрөөдөл” 52.77, эрх баригч Үндэсний нэгдмэл хөдөлгөөн 42.08 хувийн санал авч, бусад намууд таван хувийн босгыг давж чадаагүй бололтой байна.
Үндэсний нэгдмэл хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр бол одоогийн Ерөнхийлөгчийн талынхан 53 тойрогт ялжээ. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооны мэдээгээр сөрөг хүчний эвсэл 27 тойрогт дэмжлэг хүлээж, эрх баригч нам 25 тойрогт олонхийн дэмжлэг авсан байна. Мэдээ ийм зөрүүтэй.
“Гүржийн мөрөөдөл” арай давамгай байдалтай болоод ирмэгц Михаил Саакашвили ард түмэндээ хандаж үг хэллээ. “Парламентад хэн олонх болсон нь тун удахгүй тодорхой болно. Ямар ч байсан сонгууль болдгоороо боллоо. Гүржийн эрх баригчид амласнаараа тунгалаг сонгууль хийж чадлаа. “Гүржийн мөрөөдөл” намын нэрсийн жагсаалтаар ялах боломжийг Тбилисид эвслийн авсан санал үндсэндээ хангав. Урьдчилсан мэдээгээр бүс нутгуудад Үндэсний нэгдмэл хөдөлгөөн тэргүүлж явна” хэмээн тэрбээр мэдэгдлээ. Тэгэхдээ улс орноо нийслэл хийгээд хөдөө орон нутаг гэж ялгаварлаагүйгээ тайлбарлав.
Сонгуулийн өмнөх хэнээрхэлтэй харьцуулбал төрийн тэргүүний дууны өнгө “энхийг эрхэмлэсэн” янзтай байгаад түүний гол өрсөлдөгч, тэрбумтан Бизина Иванишвили талархалтай хандаж байна. Өнөөдрийг хүртэл улс орноо “ойлгомжгүй замаар” авч явагсдыг “Гүржийн мөрөөдөл”- ийн тэргүүн “ах, эгч нар” гэж нэрлэлээ. “Арцалдагчиддаа бид цаашид маш соёлтой, хүндэтгэлтэй хандахаа дахин хэлье” хэмээн Иванишвили онцлов. Түүний хэлснээр бол хоёр тал “биендээ тунирхахаа больж, хүчээ зангидаж, нэгдмэл Гүрж улсыг байгуулах ёстой” аж.
Бүхэлд нь авч үзвэл өрсөлдөгчид хоорондоо хэмлэлдэнэ гэж хүлээж байсан хүмүүсийн горьдлого талаар болсон нь саналын хуудсыг тоолж эхэлмэгц тодорхой болжээ. Тбилиси хотын гудамжинд танкууд гарч ирнэ хэмээн зарим шинжээч муу ёрлож ч байсан юм. Санал хураах явцад сонгуульд оролцогчдын зүгээс ч, олон улсын ажиглагчдын талаас ч ноцтой гомдол шүүмжлэл гарсангүй. Гүржийн эрх баригчид ч сонгуулийн дүн өөрсдийг нь төдийлөн баярлуулахгүй гэж тооцож байсан ч сонгуулийг зохих түвшинд зохион байгуулжээ.
Сонгууль болсон аравдугаар сарын 1-нээс хойш, хэн саналын хэдэн хувийг авав гэдгээс үл хамааран Михаил Саакашвили болон түүний нам Гүржийн ард түмний санаа бодлыг ганцаар илэрхийлэгч байхаа больсныг нуух аргагүй болсон нь илт болсон байна. Сөрөг хүчин нь улс төрийн үнэ цэнтэй тоглогч болсон нь ч харагджээ. Уг нь бол 2003 оноос буюу нөгөө “сарнайн хувьсгалаас” хойш Саакашвили л үнэн хэрэг дээрээ Гүржийг төлөөлж ирсэн билээ. Үүнийг янз бүрийн санал хураалтын үр дүн нотолдог байсан. Тухайлбал Парламентын 2008 оны сонгуульд Үндэсний нэгдмэл хөдөлгөөн 119 суудал (нийт саналын 63 хувь) авсан бол “Нэгдмэл сөрөг хүчин” ердөө 17 суудалтай болж байлаа. Мөн онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Саакашвили 53 хувийн саналаар ялахад, аман хүзүүдсэн Леван Гачечилазе 25 хувийн дэмжлэг хүлээсэн юм. 2004 онд Саакашвили болон түүний талынхан Парламентын сонгуульд 66 хувийн, Ерөнхийлөгчийн сонгуульд 85 хувийн санал авч байв.
Тус орон дахь ажилгүйдэл, Гүржээс тусгаарласан Абхаз, Өмнөд Осети болон тэднийг ивээлдээ авсан ОХУ-тай харилцаж ирсэн байдал гээд шийдвэрлэгдээгүй асуудлууд овоорсноор Гүржийн эрх баригч нам болоод Саакашвилийн нэр хүнд унасныг тайлбарлаж болно. Гүржчүүдийн хувьд нэн түрүүнд шаардагдаж буй гурван зүйл нь ажлын байр бий болгох, үнийн өсөлтийг зогсоох, улсынхаа газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах явдал юм. Энэ гурваас сүүлийнхэд нь тавих анхаарал улам бүр багассаар байна гэж үздэг. Муугүй уран илтгэгч гэгддэг Саакашвили төөрөлдсөн осети-абхазын хүн амыг эгүүлэн авчирна хэмээн гоё ярьдаг ч өөрийгөө хийгээд гэр бүлээ тэжээх мөнгө хаанаас олох гэх мэт асуудал гүрж хүмүүсийн сэтгэлийг илүүтэй зовоож байдаг юм. Үүнтэй уялдан ихээхэн хөрөнгө хуримтлуулж чадсан ажил хэрэгч хүн, сайн менежерийн хувьд Бизина Иванишвили “Гүржийн мөр өөдөл”-д оноо авчирахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Түүний хөрөнгийг “Forbes” сэтгүүл 6.4 тэрбум доллар гэж үзсэн байна лээ.
Иванишвили ердөө 2011 оноос л олонд нүүрээ харуулсан улст өрч болохоор нэг талаас Саакашвили улсынхаа эдийн засгийг залж чадахгүй нь гэдэгт сүүлийн жилүүдэд л итгэсэн, цуглаан хийх, тунхаглал гаргахаас өөр юмыг эрх баригчдын эсрэг сөргүүлэн тавьж чадаагүй сөрөг хүчинд урам хугарсан гүржүүд энэ хүнээс залхаж амжаагүй байна.
Тийм болохоор “Гүржийн мөрөөдөлд”-д сая өгсөн санал бол урьдчилгаа юм. Иванишвили төрийн зүтгэлтний хувьд хэн болох нь танигдаагүй байна. Танигдах ч болоогүй. “Гүржийн мөрөөдөл”-ийн тэргүүн өнөө хэр нь Францын иргэншилтэй болохоор Гүржийн иргэн болгож байж түүнийг Ерөнхий сайдын суудалд залах учиртай.
Иванишвилийн хэлснээр чухам тэр цагт л Гүржид “шударга ёс эргэн ирж, цагдаа, прокурорын байгууллага нь ард түмэндээ үйлчилж, хэвлэл мэдээлэл нь чөлөөтэй болж, худал суртал нэвтрүүлэг эцэс” болно. Гадаад бодлогын чиг хандлагад харин өөрчл өлт орохгүй бололтой. НАТО, Европын холбоонд Иванишвили одоогийн удирдлагаас өөрөөр хандахгүй гэх магадлалтай байгаа юм.
Гүржийн гол сөрөг хүчин (Иванишвили) Ерөнхий сайдын суудалд очиход, өөрөөр хэлбэл саналын хуудас тоолж дуусаад “Гүржийн мөрөөдөл” парламентад олонх болсонд итгэхэд богино хугацаа үлдээд байна. Засгийн газраа байгуулах эрхээ Парламент анх удаагаа эдлэхээр Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт энэ сонгуулийн дараа хүчин төгөлдөр болох юм. Ерөнхийлөгч урьдын адилаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ. Одоогийн Сайд нарын танхимын тэрг үүн, Үндэсний нэгдмэл хөдөлг өөний удирдагч Вано Мерабишвилигийн нэрийг Парламентын гишүүдэд өргөн барих байх гэсэн таамаг хамгийн магадлалтай байна. Гэхдээ депутатууд энэ саналыг хүлээж авахгүй байж болзошгүй. Ингээд саналыг нь гурван удаа буцаавал Парламентад итгэл үл үзүүлэхээ Ерөнхийлөгч илэрхийлж, түр Засгийн газар байгуулах эрхээ эдэлнэ. Саакашвилийн бүрэн эрхийн хугацаа 2013 оны аравдугаар сард дуусах тул сөрөг хүчин ердөө эрх мэдэлтэй болох төдийгүй эх орон нэгтнүүдийнхээ сайн сайхны төлөө ажиллах гэж буй бол улс орноо улс төрийн сунжирсан хямрал руу татан оруулах эрсдэлтэй алхам хийхгүй байлгүй.
“Сарнайн хувьсгал”-ын өмнө болсон Парламентын 2003 оны сонгууль нь 11 жил төр барьсан Эдуард Швердназегийн талаар явуулсан бүх ард түмний санал асуулга байсан” гэж Михаил Саакашвили энэ оны наймдугаар сард хэлсэн удаатай. Тэгвэл одоогийн сонгууль түүний үгээр “хувьсгалын дараа эрх мэдэлтэй болсон хүмүүсийн талаар явуулж буй бүх нийтийн санал асуулга” юм. Саяын сорнгуулийн саналын урьдчилсан дүнгээс үзвэл Гүржийн улс төрийн тавцан дээр түүний ганцаар захирах дэглэмийн төгсгөл ойртож байх шиг.
Эцэст нь өгүүлэхэд Парламентын түүхэн сонгуулиа амжилттай хийсэнд Гүржийн ард түмэнд АНУын эрх баригчид баяр хүргэсэн байна. Намынхаа ялагдлыг хүлээн зөвшөөрч, шинэ Засгийн газар эмхлэн байгуулахад Парламентын олонхтой хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн Ерөнхийлөгч Михаил Саакашвилиг америкчууд ихэд магтжээ.
Энэ сонгуулийг “Гүржийн хувьд төдийгүй ардчиллын төлөө тэмцэж буй тухайн бүс нутаг, бусад орны хувьд ч ардчиллын чухал илэрхийлэл” гэж АНУ-ын Төрийн департаментын мэдээнд өгүүлжээ. Тус байгууллагын тэргүүн Хиллари Клинтон Гүржийн шинэ Парламенттай хамтарч ажиллахаа илэрхийлэв. Михиал Саакашвили өөрийн Үндэсний нэгдмэл хөдөлгөөн нам сонгуульд ялагдаж сөрөг хүчин болж буйг өчигд өр хүлээн зөвшөөрөөд, харин хугацаанаасаа өмнө огцрохыг шаардсан Бизина Иванишвилид татгалзсан хариу өгөв. Хоёр удаа Төрийн тэргүүнээр сонгогдсон Саакашвили Гүржийн хуульд зааснаар энэ суудалд дахин өрсөлдөх эрхгүй юм.