Богдхан уулын урдуур төмөр зам барина
2012.10.16

Богдхан уулын урдуур төмөр зам барина

Зам тээврийн сайд А.Гансүх Богдхан уулын урдуур төмөр замын суурь бүтэц барих бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх болсноо зарлалаа.

Дээрх ажил 2012-2016 он хүртэл хэрэгжих бөгөөд УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Мандал- Багахангай өртөөг холбосон, Төв аймгийн Батсүмбэр, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумдын нутгийг дайран өнгөрөх нийт 170 км төмөр замын суурь бүтцийг шинээр барих төсөл юм. УБТЗ ХНН-ээс гаргасан тооцоогоор шинээр 170 км төмөр замын суурь бүтцийг барихад нийт 326,8 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзжээ. “Богд хан төмөр зам” төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч байгаа 35 км төмөр замыг хотын зорчигч тээврийн зориулалтаар ашиглан хөнгөн галт тэрэгний үйлчилгээ нэвтрүүлэх боломжийг нээж байгаа аж.

Ингэснээр хотын нэг захаас нөгөө зах хүрэхэд ердөө 15-хан минут зарцуулна. 15 буудлыг ийм хугацаанд туулна гэдэг хөнгөн галт тэрэгний давуу тал болоод зогсохгүй, Монголд нийтийн тээврийн хоёрдахь урсгалыг бий болгож, нийслэл хотын замын түгжрэлийн асуудлыг давхар шийдэж байгаагаараа ач холбогдолтой юм. Өнөөдөр ашиглаж байгаа төмөр зам нь нийслэл хотын төмөр зам болон авто замын нэг төвшинд огтлолцож буй хэсгүүдэд авто замын түгжрэлийг бий болгож байгаа юм. Түүнчлэн зүтгүүр, яндангаас гарч байгаа утаа нь хотын агаарын бохирдлыг нэмэгдүүлж, төмөр замаар тээвэрлэж буй аюултай, химийн хортой ачаанаас бий болох эрсдэлийг өндөрсгөх, галт тэрэгний дуу чимээ зэрэг нь ард иргэдийн аюулгүй тайван амьдрахад сөрөг нөлөө үзүүлсээр байна. “Богд хан төмөр зам”-ыг барьснаар дээрх асуудлууд давхар шийдэгдэх юм. Зам, тээврийн яамны зүгээс “Богдхан-төмөр зам” төслийг Концессийн тухай хуулийг үндэслэн хувийн хэвшлийн зарчмаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.