Татварыг тэгш, шударга ногдуулах, үл ялгаварлах зарчимтай зөрчилдөж байна
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар Газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Өлзийбүрэнг хүлээн авч уулзаж, тус салбарын эрх зүйн орчныг сайжруулах талаар санал солилцлоо. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар гааль, НӨАТ-ын тухай хуулиудын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг боловсруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн.
Газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд 2000 оноос эхлэн газрын тос хайх, олборлох, ашиглах үйл ажиллагааны зориулалтаар импортолсон бараа бүтээгдэхүүнд ногдох татварын чөлөөлөлтийг өнөөг хүртэл эдлүүлж байна.
Газрын тос хайх, олборлох асуудлыг бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулж байгаа бөгөөд 10 гаруй жил татвараас чөлөөлөгдөж ирсэн. Олон улсын туршлагаас харахад газрын тосны чиглэлээр бүтээгдэхүүн хуваах зарчмаар хэрэгжүүлж буй төсөлд албан татварыг ногдуулдаг.
Иймд олон улсын жишигтэй нийцүүлэх татварыг тэгш, шударга ногдуулах асуудлын хүрээнд хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгах бодлого баримтлах нь зүйтэй байна. Манай улсын хувьд газрын тосны хайгуул болон туршилтын олборлолтын үйл ажиллагаа явуулаад 20-иод жил болж байгаа бөгөөд одоо хайгуулын шатаас олборлолтын шат руу шилжиж эхэлж байна.
Газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” ХХК болон “Доншен газрын тос” ХХК-ийн 2012 оны эхний 8 сарын байдлаар импортолсон 94.4 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмж, материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, автобензин, дизелийн түлшинд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын чөлөөлөлт эдэлсэн байна. Энэхүү үзүүлж буй чөлөөлөлтийн хугацаа хязгааргүй байгаа нь татварыг тэгш, шударга ногдуулах,үл ялгаварлах зарчимтай зөрчилдөж байгаа юм.
Газрын тосны салбарт оруулж буй хөрөнгө оруулалтыг богино хугацаанд үр ашигтай хийх, засгийн газарт ногдох үр ашгийн хугацааг наашлуулах зорилгоор энэхүү чөлөөлөлтийн заалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна. Ингэснээр 2013 онд 10.2 тэрбум төгрөг төсөвт төвлөрөх боломжтой байна.
“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилчид ажил хаях асуудал сүүлийн үед яригдаж эхэлсэн байна. Энэ асуудлаар Газрын тосны газрынхан тус компаний удирдлагуудтай уулзаж, Монгол ажилчдын цалинг нэмэх талаар ярилцсан юм байна. Монгол ажилчдын хөдөлмөрийн үнэлэмж доогуур, амьдрах нөхцөл, хоолны хангамж сайн гэдэг ч цалин хөлс бага байдаг. Ажил хаявал сүүлийн сарын цалинг олгохгүй гэх яриа ч гарчээ. Тиймээс Монгол ажилчдаа төр хамгаалах ёстой гэдэг байр сууриа Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар илэрхийллээ.