Ц.Цэнгэл: Цөөнх УИХ-ыг тараах бүрэн эрхтэй
- Хүн болгон энэ Цэнгэл, энэ бол Дорж гэж танин, энэ хүн л манай нутагт юм хийнэ гэж итгэл үзүүлэн сонгох боломжийг шинэ хуулиар хааж байгаа юм.
-УИХ-ын үе үеийн гишүүд хамтран “Нээлттэй парламент” төрийн бус байгууллага байгуулж, парламентын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахаа мэдэгдсэн. Та бүхэн өнөөгийн парламентын үйл ажиллагаанд ямар үнэлэлт дүгнэлт өгч байгаа вэ?
-Ардын намын бүлгийг байгуулахгүй байх сонирхол эрх баригчдад байна. Ер нь сөрөг хүчний намын бүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас эрх барьж байгаа нам юу л хүснэ, түүнийгээ л шийдээд явж байна шүү дээ. Энэ нь Ардын намд 40 гаруй хувийн санал өгсөн ард түмний санал төрийн үйл ажиллагаанд тусахгүй байна гэсэн үг. Манай намын 25 гишүүн байнгын хорооны хуралд суусан ч санал хураахад саналыг нь огт тооцохгүй байна. Зүгээр л сул гишүүд болж таарч байгаа юм. УИХ-ын гишүүн гэх боловч үйл ажиллагаанд нь оролцох эрхгүй болчихоод байна л даа.
-Энэхүү бэрхшээлийг хэрхэн зохицуулж болох вэ?
-Үндсэн хуулийн дагуу л зохицуулна. Үндсэн хуульд парламентад найм болон түүнээс дээш суудал авсан нам бүлэг байгуулна гэж заасан. Дэгийн тухай хуулийн хүрээнд Ардын намын зүгээс лхагва гаригт чуулганыг хуралдуулаад асуудлаа шийдье гэж хэлсээр байхад түүнийг нь үл ойшоож өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн бушуухан шиг шийдсэн шүү дээ.
-УИХ-ын даргыг хууль бусаар томилсон асуудлаар Ардын нам Үндсэн хуулийн цэцэд хандсан. Хуулийн хугацаа дуусаад удаж байгаа?
-Цэц шийдэж өгөхгүй цаг алдсаар л байна.
-Үндсэн хуулийн цэцээс шийдвэр гаргаж чадахгүй нөхцөл байдал үүслээ гэхэд Таны харж байгаагаар Монгол Ардын Намын зүгээс ямар алхам хийх боломжтой вэ?
-Цэц шийдэж өгөхгүй байлаа гэхэд Ардын намын 25 гищүүн гарын үсгээ зураад чуулганыг тараах тухай асуудлыг хөндөх сонголт л үлдэнэ. 25 суудал авсан улстөрийн хүчин УИХ-ыг тараах бүрэн эрхтэй. Хэрэв цэц хүртэл шийдэж чадахгүй бол УИХ-ыг тарааж, дахин сонгууль явуулахыг үгүйсгэхгүй.
-Тэгвэл энэ удаагийн УИХ тийм ч бат бэх суурьтай биш болж таарах нь. Харин хамтарсан Засгийн газрыг хэр урт насална гэж Та үзэж байна вэ?
-Монгол Ардын Намд бүлэг байгуулах боломж олгоод хууль дүрмийнх нь дагуу байнгын хороодод оруулж, УИХ-д ажиллах нөхцөлөөр хангаж өгөх ёстой. Харин хүч хэрэглэснээрээ эрх баригчид өөрсдөдөө тогтворгүй байдлыг бий болгоод байна. Манай 25 гишүүний саналыг гарч байгаа хуульдтусгахгүй байгаа учраас бид УИХ, Засгийн газрыг тараах бүрэн эрхтэй.
-Энэ мэтчилэн Монгол Ардын Намын гишүүдийн оролцоогүйгээр хууль батлаад байвал ард түмний санал ч орхигдох юм биш үү?
-Гарч байгаа хуулиудад Монгол Ардын Намын ямар ч оролцоо алга. Сөрөг хүчний хяналт алга. Тиймээс ард түмний парламент гэдэг утга алдагдчихаад байгаа юм. Ингэснээрээ энэ удаагийн парламент, Засгийн газар өөрсдийн тогтвортой байдлаа алдчихаад байгаа юм. Ардын намын гишүүдийг байнгын хороодод оруулахгүй, мөн тус намаас нэр дэвшсэн УИХ-ын дэд даргыг сонгуулахгүй, бүлгийг нь байгуулахгүй бол манай намын гишүүд ийм үлбэгэр байдалтай ажиллаад яахав дээ. УИХ-ыг тараахаас өөр арга байхгүй.
-УИХ-ыг тараах боллоо гэж бодоход эрх баригчдын зүгээс буулт хийж эхэлбэл яах вэ?
-УИХ-ыг яг тараах дээрээ тулбал эрх баригчид “За за танай бүлгийг байгуулъя” гэж магадгүй л юм. Тэр үед нь хамаг хуулиа өөрчлөөд баталчихсан байна. Ийм тохиолдолд эргээд баталсан хуулиудыг бид задлах ёстой. Тэгэхгүй бол хэдхэн хүмүүсийн нийлж баталсан хуулийг бид хууль гэж авч үзэх үндэслэл байхгүй.
-Монгол Улс зургаан удаа парламентаа сонгоход дийлэнх хугацаанд Ардын нам олонхи байсан. Та бүхэн бол олонхи байхын үнэ цэнийг сайн мэднэ. Энэ удаагийнх шиг хүч түрэмгийлсэн парламент бүрдэж байв уу?
-Өмнөх парламентуудад Монгол Ардын Нам жудагтай байжээ. Заавал цөөнхөөсөө асуудаг, ямар ч бодлого, шийдвэрт тэдний саналыг заавал тусгадаг байсан. Бид тэдний санаа бодлыг бичгээр авдаг байлаа. Харин одоо цөөнхөө сонсдог, саналыг нь хүндэтгэдэг тэрхүү уламжлап үгүй болсон байна.
-Орон нутгийн сонгууль ч УИХ-ынх шиг шинэ орчинд явагдах нь тодорхой боллоо ?
Уг нь сонгуулийн хуульд зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болно гэсэн заалт бий. Гэтэл одоо цаг нь тулчихаад байхад сонгуулийнхаа хуулийг хөндөх гэж байна. Ингэж хууль зөрчиж болохгүй гэж хэлэх эрхийг маань хүртэл хаачихлаа. Өөрсдийнхөө хүчээр хуулиа өөрчлөх гэж зүтгэж байна. Ингэж хүч түрэмгийлж болохгүй. Хуулийг өөрийнхөө үзлээр хэзээ л бол хэзээ өөрчилдөггүй юм шүү.
-Сонгох, сонгогдох эрх сайн дурын үндсэн дээр байх ёстой гэдэг боловч төрийн албан хаагчид заавал санал өгөх үүрэгтэй болох нь. Энэ заалт их шүүмжлэл дагуулж байна ?
-Төрийн албан хаагчдыг сонгуульд саналаа өгөхгүй бол төрд ажиллуулахгүй гэж байна. Иргэдээ айлгаж байгаад сонгууль өгүүлж болохгүй. Бүр давраад “Ардчилсан намд саналаа өгсөн үү” гэж асуух нь л дээ. Ер нь ингэж болохгүй шүү дээ.
-Сүүлийн жилүүдэд орон нутагт намчирхах байдал хэрээс хэтэрлээ гэж ярих болсон. Орон нутгийн сонгуулийн тогтолцоог өөрчилснөөр энэ байдлыг засч чадах уу?
-Уг нь орон нутгийн сонгуульд мажоритар тогтолцоо л тохиромжтой. Гэтэл мажоритар, пропорционалийг хольж сонгууль явуулах гэж байгаа. Пропорциональ системд намын эрх ашиг орж ирнэ. Намын жагсаалтаар орж ирсэн хүмүүс ямар ч өрсөлдөөнгүйгээр орон нутгийг удирдах гэнэ.
Гэвч тийм хүмүүсийг ард иргэд танихгүй. Пропорциональ оруулж ирэх гээд байгаа нь намаас заавал суудал авна л гэсэн үг. Хүн болгон энэ Цэнгэл, энэ бол Дорж гэж танин, энэ хүн л манай нутагт юм хийнэ гэж итгэл үзүүлэн сонгох боломжийг шинэ хуулиар хааж байгаа юм.
-Өнгөрөгч УИХ-ын сонгуулийн саналыг автомат машинаар тоолсон нь одоо хүртэл эргэлзээ дагуулсаар байгаа. Ийм эргэлзээ арилаагүй байхад орон нутгийн сонгуулийг өөрчлөх гээд байгаа нь ямар нэгэн эрх ашигтай холбоотой байх аа?
-Үнэндээ Орон нутгийн сонгуулийн хуулийг өөрчилснөөр зардал өснө. Жишээ нь сонгууль явуулах программыг нэг л газраас худалдаж авч байна. Өөр газраас авах эрхгүй болгочихсон. Хэний эрх ашигт үйлчилж байгаа нь ойлгомжтой. Төрийн эрхэнд гарснаараа хүч түрэмгийлж болохгүй биз дээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж
Монголын үнэн