2012.09.10

ЧД-ийн ИТХ хуралдаж, Засаг даргыг томилжээ

Өнгөрөгч долоо хоногт Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, дүүргийн Засаг дарга Д.Ганболдод хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулжээ. Чингэлтэй дүүрэгт агаар, хөрсний бохирдол хэрээс хэтэрч, оршин суугчид хогондоо дарагдсан байдлын эсрэг дорвитой алхам хийгээгүй, мөн түүнчлэн олон зуун сая төгрөгөөр хөшөө бариулах, байгуулаад жил ч болоогүй шахам зам талбай, хайс хашааг дахин хуулж, шинээр барьж төсвийн мөнгийг үрэн таран хийсэн асуудлууд  хариуцлага тооцох үндэс болсон ажээ. Чингэлтэй дүүрэгт замбараагүй барилга барих ажил хэрээс хэтэрч, Тэнгис кино театрыг тойрон хааж олон давхар барилга баригдаж байгаа, ОКТА төвийн ард түүхэн дурсгалт Горькийн нэрэмжит хүүхдийн номын сангийн байшинг нурааж хувийн орон сууцны барилгын ажил эхлүүлсэн, 23 дугаар сургуулийн урд талд Явуухулангийн нэрэмжит цэцэрлэг барих нэрийдлээр нэг хэсэг газрыг зарим этгээд завшсан, ИТХ-аас Чингэлтэй хайрхан уулыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах шийдвэрийн хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа нь мөн хариуцлага  тооцох үндэс болсон байна. Олон асуудлын зэрэгцээ иргэд хогондоо дарагдаж байхад  дүүргийн ТҮК үндсэн ажлаа умартаж, тендерийн ажил байнга хийдэг болсон нь ширүүн шүүмжлэл дагуулсан аж.


Тэгвэл Баасан гаригт тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаар дараагийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанд нийт 26 төлөөлөгч оролцож, МАН-ын бүлгээс ИТХ-ын төлөөлөгч Т.Аюурсайханыг, АН-ын бүлгээс төлөөлөгч Б.Батхуягийг нэр дэвшүүлсэн байна. Нууц санал хураалтын дүнд төлөөлөгчдийн 60 хувийн саналыг авсан Т.Аюурсайханыг Чингэлтэй дүүргийн Засаг даргаар сонгож, холбогдох тогтоолыг баталсан байна.

Төмөрбаатарын Аюурсайхан 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг онц дүнтэй төгссөн. 1999 онд Турк улсын Докуз Ейлүл их сургуулийг эдийн засагч мэргэжлээр, 2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургуулийг олон улсын хамтын ажиллагааны магистр, Японы Олон улсын их сургуулийг хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй дүүргэсэн, эдийн засгийн ухааны докторант. Англи, орос, турк, япон, солонгос хэлтэй. 1999-2000 онд Засгийн газрын хэвлэх үйлдвэрт ажилтан, 2000-2005 онд Аста Пресс ХХК-д Ерөнхий захирал, 2005-2006 онд Баярсконстракшн ХХК-д эдийн засгийн зөвлөх, 2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах, 2009 оноос МАН-ын УЗ-ийн ХЭГ-т ажилтан, 2008 оноос Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал эрхэлсэн хорооны дарга, 2011 оноос ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байгаа аж.

Дүүргийн ИТХ холбогдох тогтоол шийдвэрүүдээ Нийслэлийн Засаг даргад өргөн мэдүүлэхээр болжээ
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.