Эрхэм гишүүн Ц.Даваасүрэнг ерөнхийлөгчөөр сонгожээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Мэргэшсэн, тогтвортой төрийн албаны төлөө Үндэсний холбооны тэргүүнээр сонгогджээ. Бие даан нэр дэвшиж сонгогдсон Ц.Даваасүрэн гишүүн парламент дахь сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаагийн хувьд ийнхүү иргэний нийгмийн байгууллагын дуу хоолой болохоор шийдсэн байна.
Мэргэшсэн, тогтвортой төрийн албаны төлөө Үндэсний холбоо нь төрийн албыг улс төрийн нам, эвслээс ангид, бие даасан үйл ажиллагаа явуулах боломжоор хангах, төрийн албан хаагчдыг мэргэшсэн, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн парламентад сонгогдохоосоо өмнө төрийн албанд олон жил ажилласан туршлагатай. Тиймээс эрхэм гишүүнийг төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх мерит зарчмыг хамгаалахын төлөө тууштай тэмцэнэ гэдэгт олон хүн итгэдэг ажээ.
Мэргэшсэн, тогтвортой төрийн албаны төлөө Үндэсний холбоо УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн дараа шинэ УИХ, Засгийн газарт хандан төрийн албанд улстөржсөн халаа сэлгээ хийхгүй байхыг уриалж байв. Гэвч яам, агентлагуудын бүтцийн өөрчлөлт нэрийн дор мэргэшсэн төрийн албан хаагчид ажилгүй болж байгаад тус холбооныхон шүүмжлэлтэй хандаж байна.