2012.08.29

ЖДҮ-ийг хөгжүүлэх дэд хорооны даргыг сонголоо

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг сонгох тухай асуудлыг хэлэлцэн дэмжин баталлаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүнээс ес нь түүнийг тус дэд хорооны даргаар сонгохыг дэмжиж гар өргөсөн юм. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хэлснээр бол орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал чухлаар тавигдаж байгаа. 


Х.Болорчулуун гишүүний хувьд орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх ажилд нэлээд нухлагдсан тул ажил мэдэх хүн гэж байлаа. Харин Х.Болорчулуун гишүүн “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан харьяалагдах хүсэлтэй байгаа. Хувийн хэвшилд олон жил ажилласан үйлдвэрлэлийг яаж хөгжүүлбэл хамгийн оновчтой вэ гэдгийг хамгийн сайн мэдэх хүнийх нь хувьд дэд хорооны бүрэлдэхүүнд багтаачихмаар байдаг. Боломж байна уу, наймаас дээш гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дэд хороо ажиллаж болох уу” гэж байв. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “МАН-ын гишүүд аль байнгын хороонд харьяалагдах хүсэлтэйгээ албан ёсоор илэрхийлээгүй байгаа. Энэ асуудал заавал чуулганаар хэлэлцэгдэж батлагдах ёстой тул шууд байнгын хорооны төвшинд асуудлыг шийдэх боломжгүй” гэсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл дэд хорооны даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Болорчулуунд хандан “Жижиг, дунд үйлдвэрлэлийн сан гэж байдаг, мөнгөтэй, мөнгөгүй нь мэдэгддэггүй. Түүнийг нь мэдээд өгөөч” гэдэг хүсэлт тавихад гишүүд “Мөнгөтэй бол юу гэж, мөнгөгүй бол яах нь вэ” гэж лавлав. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Мөнгөтэй, мөнгөгүйг нь мэдэж байж дэд хороонд гишүүнээр үлдэх үү, гарах уу гэдгээ шийдэх гэсэн юм” хэмээн хариу барив. Мөн энэ үеэр дэд хорооны бүрэлдэхүүнээс гаръя гэвэл яадаг юм бэ гэж асуух гишүүн ч байлаа.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.