2012.05.03

Усны тухай хуулийг хэлэлцэв

УИХ дахь Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар Байгаль орчны багц хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд Усны тухай хуулийг хэлэлцсэн юм.
 
Хуулийн төслийн хүрээнд усны нөөц, ашиглалт, газар доорхи усны хайгуул хийж байгаа усны хэмжээ зэрэг асуудлуудыг хөндөж байгаа бөгөөд Туул голын урсац нэмэгдүүлэх асуудаар олон жил ажилласан ч ус нь ширгэсэн, мөн Туул голын асуудлаар салбар хариуцсан сайдууд нь дуугарахаас хэтрэхгүй байна. Мөн Туулын захиргаа байгуулах талаар яриад явж байгаа нь хэр бодитой ажил болох юм бэ гэдгийг Д.Ганхуяг гишүүн асуулаа.

Н.Ганбямба гишүүн Усны тухай хуулийг тусад нь өргөн барьсан бөгөөд энэ хуулиа тасалж байгаа бол миний өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх ёстой гэв. Л.Гансүх гишүүн "Тасалсан асуудал байхгүй. Багц хуулийн хүрээнд хэлэлцэж байна. Таны хуулийг одоо хэлэлцэж эхлээгүй. Гэхдээ би А, Б-гүй уншсан. Тиймээс таны өргөн барих хуулиас энэ хуулинд байхгүй заалтуудыг оруулаад хэлэлцээд явж болно. Хэрвээ шаардлагагүй бол хуулийн төслөө буцааж аваач ээ" гэсэн юм. Хоёр гишүүний дунд Усны хуулийг тасалсан, таслаагүй гэсэн маргаан үргэлжилсэн учраас тус байнгын хорооны дарга Д.Балдан-Очир "Бүрэн эрхийнхээ хүрээнд нэгдсэн чуулган дөрвөн удаа хуралдах хугацаа үлдлээ.

Хугацаа маш бага байна. Таны хуулийг хэлэлцэж эхлээгүй учраас зөрүүтэй заалтуудыг оруулаад хамтатган хэлэлцэж болох юм. Хуулийн заалт багц хуулийн хүрээнд хэлэлцэгдэж байна" гэсэн тайлбар хийж маргааныг зогсоолоо. Усны тухай хуулийн төслийн хүрээнд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгаж дуусаад чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.