Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг зогсоохоор тохиров
2012.04.12

Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг зогсоохоор тохиров

БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар ХЗДХЯ, ЭМЯ-ны төрийн нарийн бичиг дарга болон ГЕГ, МХЕГ-ын дарга нартай уулзаж, ярилцаад Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Гашуун сухайтын боомтоос 18 км зайтай байрлах "Цагаан хад" гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг хаах нь зөв гэсэн шийдвэрт хүрчээ.

Ингэснээр Тавантолгойн орд газраас олборлолт хийж, нүүрс экспортод гаргаж буй компаниудын тээвэрлэлтийн үйл ажиллагаа тодорхой бус хугацаагаар зогсоно гэсэн үг юм. Энэ зөвлөлдөх уулзалтаар ажлын хэсэг байгуулж, байгаль орчин төдийгүй хүний эрүүл мэнд, эрх ноцтой зөрчигдөж байгаа "Цагаан хад"-ны үйл ажиллагааг хаахад шаардлагатай эрхзүйн бичиг баримт бүрдүүлж маргааш гэхэд танилцуулах үүрэг өглөө.

БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар хэд хоногийн өмнө Оюутолгой, Тавантолгойн уурхайнуудын олборлолт, нүүрс тээвэрлэлт байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлж байгаатай газар дээр нь танилцахдаа гамшгийн хэмжээнд хүрсэн "Цагаан хад"-ны асуудлыг яаралтай шийдэхээ амлаж байсан нь ийнхүү ажил хэрэг болж эхэллээ.

Говийн бага Дархан цаазат газрын бүсэд хамаардаг энэ газарт БОАЖЯ-ны мэргэжилтнүүд байгаль орчны дүн шинжилгээ хийж байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.