Хойд Солонгосын дүрвэгчдийг Хятадыг орхин явахыг зөвшөөрчээ
Хойд Солонгосын таван дүрвэгч Бээжин дэх Өмнөд Солонгосын дипломат төлөөлөгчийн газарт гурван жил бүгсний эцэст Өмнөд Солонгост хөл тавьжээ.
Бээжингийн эрх баригчид тэдэнд Хятадыг орхин гарах зөвшөөрөл олгосны дараа ийнхүү Сөүлд очсон байна. Хойд Солонгосын дүрвэгчид 2009 оны тавдугаар сард Бээжинд ирж Өмнөд Солонгосын элчин сайдын яамнаас улс төрийн орогнол хүссэн юм.
Гэвч Хятадын Засгийн газар Пёньяантай нөхөрсөг харилцаатайгаа харуулж тэднийг Хятадын газар нутгийг орхин гарахыг зөвшөөрөхгүй байсан аж.
Хойд Солонгосын дүрвэгчдийг эх орон руу нь буцааж байгаа Хятадын бодлогыг Өмнөд Солонгосын тал хатуу шүүмжлэх болсны дараа Бээжингийн Засгийн газар анх удаа ийм шийдвэр гаргаж байгааг ажиглагчид онцлон тэмдэглэж байна.