Хуулийн төслийг өргөн барилаа
2012.07.26

Хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Л.Болд, Г.Баярсайхан нар Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай хуулийн төслийг өргөн барив.

Өнөөдөр Монголын хүн амын 40 орчим хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотын гэр хорооллын амьдрах нөхцлийг сайжруулах дэд бүтцийг бий болгоход их хэмжээний санхүүжилт хэрэгтэй байгаа бөгөөд энэ ажлыг яаралтай хийхийн тулд бусад орнуудад хэрэглэдэг зорилтот татварыг бий болгох шаардлагатай хэмээн үзэж байгаа юм байна. Монгол улсын уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний экспорт жил ирэх тусам нэмэгдэж байгаа билээ.

Иймээс нүүрс болон төмрийн хүдрийн бүтээгдэхүүнд долоо хүртэл хувийн татвар ногдуулж эндээс бүрдэх орлогыг бүхэлд нь гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахад зориулахаар хуулийн төсөлд тусгажээ. Энэ хүрээнд Татварын ерөнхий хууль, Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээг тогтоох тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хамтад нь өргөн барьсан байна.

Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хүн ам 2.78 саяд хүрч, нийслэлийн хүн ам 3-4 дахин нэмэгдэж, гэр хороололд амьдарч буй өрхийн тоо 184.000 болж өссөн байна. Нийслэлийн хүн амын 60 гаруй хувийг гэр хорооллын хүн ам эзэлж байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2.4.4-д “Хот суурин газрын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах...”, 2.4.33-д “Орон сууц барих санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, орон сууцны урт хугацаатай зээлийн анхдагч болон хоёрдогч зээлийн тогтолцоог бий болгох”,

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн 4.4.1.4-д “Улаанбаатар хотын гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх”, 4.4.3.3-д “Гэр хорооллыг нэн тэргүүнд дэд бүтэцтэй болгоход улсын төсөв болон орлогын үүсвэрийг зориулах,

“МОНГОЛ УЛСЫН МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО”-Д “Гэр бүл бат бэх байх, үр хүүхэд аюулгүй орчинд эрүүл өсч хөгжих, уламжлалт ёс заншлаа хүндлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, авьяасаа хөгжүүлэх, сурч боловсрох эрмэлзэлтэй, бүтээлч, хариуцлагатай, хувь заяандаа эзэн иргэн болж төлөвших нөхцлийг бүрдүүлнэ” гэж тус тус заасан.

Нийслэлд 1.2 сая хүн, 307.000 орчим өрх амьдарч байна. Үүнээс нийслэлийн нийт өрхийн 39.8 хувь нь буюу

122400 өрхийн 470 мянга орчим иргэн дэд бүтэцтэй орон сууцны хороололд амьдарч байна.

Харин дэд бүтэцгүй гэр хороололд нийслэлийн нийт өрхийн 60.2 хувь нь буюу 184 мянга орчим өрх байна. Эдгээр өрхүүдийн 55 хувь нь ямар нэгэн байшин сууцанд, үлдсэн нь монгол гэрт амьдарч байна. Дэд бүтэцгүй хорооллын хүн ам нь нийслэлийн хүн амны 60.9 хувь нь буюу 736 мянга орчим байна.

Нийслэлийн өмнө тулгамдсан асуудал Монгол Улсын өмнө тулгамдсан асуудал болсон. Тулгамдсан асуудалд утаа, түгжрэл, байгаль орчны бохирдол, газрын далд наймаа, төр засгийн хүнд суртлаас улбаатай авилгал зэрэг асуудал орж байна.

Өвөл болохоор нийслэлчүүд утаагаар амьсгалж, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Энэ утаанаас болж нийслэлийн иргэдэд учрах хохирлыг тооцох боломжгүй байна. Энэ утааны 70 гаруй хувь нь гэр хорооллоос хамааралтай гэсэн судалгаа байдаг. Гэхдээ энэ нь дэд бүтэцгүй гэр хороололд амьдарч байгаа иргэдийн буруу биш юм.

Улс болон нийслэлийн төсвөөс гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд тодорхой санхүүжилт хийсээр байгаа боловч энэ хурдаар явах юм бол ойрын 10 жилд шийдэж амжихааргүй байна.

Шалтгаан нь судалгаагаар Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд ойролцоогоор 1.8 их наяд төгрөг шаардлагатай байгаа гэсэн мэдээлэл бий.

Энэ нь 2012 оны төсвийн нийт орлогын 32 хувьтай тэнцэх хөрөнгө юм. Тиймээс өнөөгийн байдлаар ирэх 3-4 жилд улсын болон нийслэлийн төсвөөс гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах хөрөнгийг гаргахад хүндрэлтэй байгаа нь харагдаж байна.

Иймээс Япон зэрэг бусад хөгжилтэй орнуудын туршлагыг судлав. Тэд улс орныхоо өмнө тулгамдсан том асуудал, тухайлбал дэд бүтцийн асуудлаа хурдан шийдэхийн тулд зорилтот татварын тогтолцоог ашиглаж байна. Одоо ч гэсэн зорилтот татварын тогтолцоо хүчинтэй үргэлжилж байна.

Энэ нь зарим төрлийн татварын орлогыг улс орныхоо тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхийн тулд 100 хувь зориулж ирсэн байна. Ингээд Монгол Улсын энэ зорилтот татварыг нэвтрүүлэхээр Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай хууль гэсэн хуулиудыг боловсруулж Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн болно.

Нүүрс болон төмрийн хүдэрт боловсруулалтын түвшингээс хамааруулж 7 хүртэл хувийн экспортын татвартай болгосноор жил бүрийн улсын төсөвт 488 тэрбум буюу 370 сая долларын орлого орох юм. Энэ орлогын хэмжээ жилд 20-иос доошгүй хувиар нэмэгдэхээр байгаа. Тэгвэл Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах 1.8 их наяд төгрөгийн санхүүжилтийг энэ татварын 3-4 жилийн орлогоос бүрдүүлэх бүрэн боломжтой тооцоо гарч байна.

Энд экспортын татвараар улсын төсөвт орох орлого жил бүр нэмэгдэх ба үүнийг дээрхи тооцоонд оруулаагүй болно.

Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар

Энэ хууль батлагдсанаар Монгол Улсын эдийн засаг, нийгэмд ямар нэг сөрөг үр дүн гарахгүй.

Харин Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардлагатай 1.8 их наяд төгрөгийг нүүрсний экспортын татварын 3-4 жилийн орлогоос бүрдүүлнэ. Түүнээс  гэр хорооллын 184 мянга орчим өрхийн 735 мянга орчим иргэн ая тухтай амьдрах нөхцөл бүрдэж, манай улсын хүн амын 45 орчим хувь нь болох нийслэлийн 1.2 сая гаруй иргэд хортой утаагаар амьсгалж эрүүл мэндээрээ хохирох явдал түүх болон үлдэх болно.

Төр засаг, Үндсэн хуульд заасан иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүргээ хэрэгжүүлэх болно.

Гэр хороолол инженерийн дэд бүтэцтэй болсноор өмчилж авсан хашааны газрын үнэ цэнэ олон дахин нэмэгдэнэ. Одоогоор хотын төвөөс холгүй дэд бүтэцтэй гэр хорооллын 1 өрхийн хашааны өмчилж авсан газар 60-70 сая төгрөг хүрсэн.

Одоогоор хотын төвөөс холгүй дэд бүтэцтэй гэр хорооллын 1 өрхийн хашааны өмчилж авсан газар 60-70 сая төгрөг хүрсэн.

Түүнчлэн гэр хороолол дэд бүтэцтэй болсноор үл хөдлөх хөрөнгө болох амины орон сууцаа зээлийн барьцаалбар болгон өрхийн орлогоо нэмэгдүүлэх, үл хөдлөх хөрөнгөө хойч үе болох үр хүүхэддээ өвлүүлэх боломжтой болно.

Ингэж нийслэлийн гэр хорооллынхон маань эдийн засгийн эрх чөлөө нь сайжирч, аюулгүй орчинд амьдрах болно.

Дагалдан өөрчлөгдөх хууль, тогтоомж

Үндсэн хууль болон бусад хуультай бүрэн нийцэж байгаа. Шинээр боловсруулах болон нэмэлт өөрчлөлт оруулах хүчинтэй болгох хууль одоогоор байхгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.