Шинэбаяр хэмээх шинэ үзэгдэл
2011.01.17

Шинэбаяр хэмээх шинэ үзэгдэл

ДОРНОДЧУУДАД БЭЛЭГЛЭСЭН ЗАЙСАН ТОЛГОЙ

2010 онд хэвлэл мэ­дээлэл болоод олон нийтийн анхаарлын төвд байсан улстөрч бол УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр. МАН-ын удирдлагын зү­гээс түүнийг нухчин дарах гэсэн оролдлого хийх ту­сам тэдгээр нь эерэг энер­ги болж олон ний­тийн анхаарлыг татаж байв. МАН-ын удирдлага  асар их зардал гарган Ц.Шинэбаярыг  рекламд­са­наа сая л ухаарч, такти­каа өөрчлөн аргадах, гуйх аргад шилжээд бай­гаа билээ.

"Жин явж байна, жингэр хуцаж л байг" гээд зөнд нь хаячих гэхээр одоогоор арван мянган гишүүд дэмжигчийг нь "булаагаад" байгаа энэ нөхөртэй  2011 онд ч гэсэн тулж ажиллах биз. 2010 онд тодрон гялалз­сан УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярынд өнжи­хөөр шинэ оны эхний өдөр очлоо.

Тэднийх УИХ-гишүүн Р.Гончиг­дорж, Д.Одхүү, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга нарын амьдардаг "Андууд" хотхон­той хаяа нийлэн харагдах хоёр давхар хауст амьдардаг юм байна.

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр гэргий Ж.Сайнтуяа хоёр  угтлаа. Дөрвөн хүүхэд нь АНУ, Хятад, Анг­ли улсад сурч байгаа учир ийнхүү хоёулаа байгаа аж. Эднийх 300 метр квадрат  байртай. Илүү дутуу чамирхал, уран зураг, хивс энэ тэр алга. Цонхон  дээгүүрээ өнгө өн­гийн цэцэг тарьсан байх агаад помидор, хадтай төстэй  жимс ургасан хараг­дах нь сонин. Нэг давхартаа зоч­дын өрөө, гал тогоо, хоёр давхар­таа ажлын өрөө, унт­лагын өрөө, дороо саун, гарааш­тай.

Ц.Шинэбаяр хотын төвд бас байртай. Гэр нь Дорнод аймагт байгаа гэж байна. УИХ-ын гишүүн болж анхны нүүдлээ хийсэн гэнэ. Улс төрөөс өмнө өөрийнхөө амьд­ралыг төвхнүүлчихсэн нэгэн аж. Тийм ч учраас "Энэ улс төр чинь амьдрал юм уу. УИХ-ын гишүүн биш боллоо гээд гудамжинд гарах уу" гээд байдаг бололтой.  "Бодит байдлаас доогуур хуримтлал байх ёсгүй" гэж гэрийн эзэд ярина. Тэгэхээр үнэтэй эдлэл хэрэглэх, гоёж гангалахаас илүү хурааж хуримтлуулахыг илүүд үздэг байна.

Хаашаа л харсан  өндөр бай­шин, утаа униар, замын бөглөрөл тал нутгийн хоёрт тээртэй, түвэгтэй санагддаг байж. Өндөр уул нь нүдэнд тулаад нэг хэсэг идээших­гүй байсан ч өдгөө  дасаад байгаа гэнэ. Нутгийнхаа сүү цагаан идээ, жимс ногоог өглөө болгон хэрэглэж уул усандаа цайныхаа дээжийг өр­гөх нутаг амьтай улс юм.

Энэ хоёр өглөө эрт зургаан цагт Зайсан толгой дээр гарч шинэ оны нар хараад иржээ. Утаа униаргүй дүүрэн нар мандсанд гэрийн эзэн ихэд бэлгэшээж байгаа аж. Тэрээр Зайсан толгойг Дорнод аймгийн нутаг дэвсгэр гэж үздэг юм байна. Ингэж үзэх болсон шалтгаан нь найм­дугаар богд Жавзандамба 1890 оны үед Сэцэнхан аймгийн Ачит бээсийн хошууны Засаг ноён буюу одоогийн Дорнод аймгийн­ханд Зайсан толгойг бэлэглэсэн гэнэ. Тийм учраас Дорнод айм­гийнхан Зайсан толгойг өөрийн нутаг хэмээн эргэж тойрч, шүтэж явдаг бололтой.

ҮХЭР ОГДОЙН АНЧИН

Ц.Шинэбаярын бага нас Онон, Улз голын завсар байрлах Баян-Уул сумын Эрээн хороонд өнгөр­чээ. Эхээс арван гурвуулаа. Аав ээж нь мал маллаж, ан гөрөө хийдэг хүмүүс байсан гэнэ.  Тийм ч учраас Ц.Шинэбаяр найман настайгаасаа эхлээд ан хийдэг байж. Нэгдүгээр анги төгсөх жил нь зурам, үхэр огдойн арьс бэлдэх даалгавар ирсэн бай­на. Тэрээр даалгавраа давуулан биелүүлж илүү гарсан арьсаа ном дэвтрээр сольсон гэнэ.

Үхэр огдойгоос эхэлсэн ан гөрөө нь тарвага болон өргөжсөн аж. Мань эр сум аймгийн ангийн төлөвлөгөөг олон жил биелүүлжээ. Өдөрт голдуу хавхаар 30-40 тар­вага агнаж 250-400 арьс бэлддэг байсан гэнэ. Ц.Шинэбаяр "1990 оноос хойш нэг ч тарвага агнаагүй. Би ан гөрөөг зугаацах, цэнгэх гэж хийдэггүй байсан. Амьжиргаандаа нэмэр болгох гэж ан хийдэг байлаа. Соц нийгмийн үед наймдугаар сард амралтаа аваад ан хийж 2000 төгрөг олдог байсан. Тэр чинь их мөнгө байлаа" гэв. Мөн тав, зурга­ду­гаар ангид байхдаа л албан байгууллагуудын түлээ хөрөөдөөд 40-50 төгрөг олчихдог байж.

Түүнд одоо аавынх нь калибр, хавх хоёр хадгалагдаж байдаг гэнэ. Поотуу хэмээх хятад хар хавхаа өмтэй гэж ярив. Өдөрт гурван тар­вага орчихдог, ямар ч үед хоосон бууж үзээгүй хавх гэнэ. Эднийх сумын төв дээр хоёр үнээтэй байж. Нэг удаагийн саал­тад нэг үнээ л арван литр сүү өгдөг учраас арван хүүхэд 20 литр тар­гийг өг­лөө­нөөс орой болтол уудаг байсан гэнэ. Ц.Шинэбаяр "Тэр хоёр үнээ байгаа­гүй бол бидний амьд­рал ямар ч байх байсан юм билээ" гэж байв.

Зунжин хөл нүцгэн гүйж, сур­гууль цуглах үеэр гуталтай золгодог хүүхдүүд байж. Аав нь дөрөв, ээж нь долдугаар ангийн боловс­рол­той. Ээж нь сумын ойдоо бэлэг барих үүднээс Шинэбаярыг найм­ду­гаар ангийн сурагч байхад орой­гоор долдугаар анги төгсч байж. Ээжийнхээ хичээлийг давтуулах, туслах үүргээ хүү нь сайн бие­лүүлсэн учраас онц дүнтэй төгссөн гэнэ.

Харин аав нь "Та хичээл ном­доо шамдахгүй бол над шиг хүн болно" гэж өөрөөрөө жишээ татдаг хүн байжээ. Хүүхдүүд нь амьд­ралын төлөө зүтгэх зан чанарыг нягтлан бодогч ааваасаа   авсан болов уу. Тийм ч учраас Ц.Шинэ­баяр баяр ёслолд тийм ч дуртай биш. Шинэ жилээр л гэхэд МАХН-ын түр штаб дээрээ шампанск буудуулаад өнгөрчээ. 30 гаруй байгууллага шинэ жилдээ урьсан ч цагийн гарз, үргүй зардал гээд очсонгүй.

Ц.Шинэбаяр: С.БАТБОЛД ЮУНДАА БАЯРЛААД БАЙГАА ЮМ БЭ

Дорнод аймгийн Чойбалсан суманд арван жилийн сургуулиа төгсөөд ТИС-д суралцахаар иржээ. Суралцах хугацаандаа бүх ний­тийн үйлс намрын тариа хураалт дээр Багшийн дээдийн оюутан  Ж.Сайнтуяатай танилцаж гэр бүл болжээ. Ц.Шинэбаяр сургуулиа төгсөөд нутагтаа очиж  Дорнод аймгийн цахилгаан станц, Ж.Сайн­туяа худалдаа бэлтгэлийн трестэд эдийн засагчаар ажилласан гэнэ.

Анхны цалин, анхны хүүхэд, анхны шагнал, анхны бизнес гээд  алдаа багатай амьдралын түүхтэй хүн юм. Түүний амьдрал алдсан гэхээсээ оносон нь илүү юм. Ц.Ши­нэ­баярын том охин 1996 онд Англи улсад сургуульд явах болсон бай­на. Төлбөр нь 4500 ам.доллар. Охиныхоо төлбөрийг олох гэж Ц.Шинэбаяр, Ж.Сайнтуяа хоёр нэлээд сандарсан гэнэ. Энэ үеэс эхлэн хувийн бизнест хүч үзэхээр шийдэн нарийн боов, ундаа, зайр­маг хийж эхэлжээ.

Дорнод аймгийн хүнсний үйлд­вэр зах зээлийн эхний шуургад сөхөрсөн учраас тэр орон зай дээр ажилласан байна. 50 мянган хүн амтай Чойбалсан хотыг хангах хүнсний үйлдвэрлэлд өдөр нь ажилчид, шөнө нь Ц.Шинэбаяр эхнэрийн хамтаар ажилладаг байж. Төд удалгүй хүнсний бизнест бусад хүмүүс орж ирсэн учраас өөр зүйл эрхлээд явжээ. Дорнод аймгийн маш олон бизнесийн эхлэлийг тавиад цааш явсан бай­даг юм.

Дараа нь шатахуун түгээх станц, дэлгүүр, гурил, уул уурхайн салбар руу орж алдарт Адуунчулууны нүүрсний уурхайг бэлэн мөнгөөр авчээ. Түүний нэрийн хуудас бол­сон Адуунчулууны уурхай Дорнод аймгийг 500-600 жил нүүрсээр хангах хүчин чадалтай юм билээ. Өдгөө гэргий нь фермерийн чиглэ­лийн бизнес эрхэлж байгаа 850 кг татдаг бухаараа гайхагддаг гэнэ.

Эднийх Дорнод аймагтаа  дэл­хийн жишигт хүрсэн үнээний ферм­тэй. Германы Карл хаан "Үнээний сүү биднийг хүчирхэг болгоно" гэсэн үгийг жишээ болгодог учраас нийтээрээ сүү хэрэглэхийг уриал­даг байна. Залуус сульдаатай, сүр хүчгүй байгаа нь сүү бага хэрэг­лэснээс үүдэлтэй гэж үздэг аж.

Ц.Шинэбаярын гэрийн хоёр давхарт номын сан бүхий ажлын өрөө байна. Энэ өрөөний хананд Монгол ард улсын ардын гэгээ­рүүлэх яамнаас 1914,1926 онуудад хэвлүүлсэн газрын зураг хараг­дана. Монгол Улсын газрын зурагт Давс уул, Байгал нуурыг харахад харамсах сэтгэл төрнө. Ц.Шинэ­баяр гишүүнтэй ажлынх нь өрөөнд ярилцав.

-МАХН-ынтүрштабыншинэжилийнбаяртН.Энхбаярирэвүү. Хамгийнсүүлдхэзээуулзсанбэ?

-Зарим нэг тоолдог хүмүүс УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Н.Энхбаяртай долоон удаа уулзсан гэдэг юм билээ. Миний хувьд Н.Энхбаяртай хоёр удаа уулзсан. Саяын шинэ жилээр Н.Энхбаяр гадаадад бай­гаа дуулдсан шүү. Миний хувьд шинэ жилд гэхээсээ наадамд л ач холбогдол өгдөг.

-Шинэ жилийг үргүй зардал гэж үздэг хэрэг үү?

-Өнөө маргаашаа яая гэж бай­гаа иргэд маш их зардлаар шинэ жилийг тэмдэглэх нь буруу. Ерөн­хий сайд С.Батболд сүүлийн хагас сар энд тэндхийн шинэ жил хэслээ. Юундаа баярлаад байгаа юм бэ. Шинэ жилийн баяраар өдөр болгон 7-8 хүн хөлдөөд нас барж байна. Энэ хүмүүс хөлдөж нас барахын тулд шинэ жилийн баяр тэмдэглэж байгаа хэрэг үү. Тун удахгүй хөг­шин залуугүй Валентины баяр, Мартын-8, цэрэгт явсан яваагүй бүгд цэргийн баяр тэмдэглэнэ.

-Шинэ жилээр ямар олон хүн хөлдөж нас барав аа. Энэ аймаар зардал юм даа?

-Соц нийгэмд нэг хүн хөлдөөд үхэхэд Улс төрийн товчоо хуралд­даг байлаа. Шөнө болгон хүн хөл­дөж байхад Ерөнхий сайд С.Бат­болд ямар ч арга хэмжээ авахгүй байна. Энэ жил Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бид хоёр л олон шинэ жилийн баяр хэсээгүй болов уу. Зайсан толгой дээр гараад байж байтал Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржоос "Та чадна" гэсэн сайхан үгтэй мессеж ирсэн. Улсын тэргүүн маань архины талаар маш сайхан санаачилга гаргалаа.

-Таныг дорнодчууд чулуу шидэх нь холгүй угтсан гэж сонссон. Энэ үнэн үү?

-МАН-ын удирдлагаас хийж байгаа арга ядсан ажил. Дорнод­чууд урьдынхаасаа илүү элгэмсэг, дотно хүлээж авсан. Өдөр болгон захиа бичиж, утсаар ярьж байна. 10 мянга гаруй дэмжигчдийн тоо нэмэгдсээр байгаа. Цаашид хэдэн арван мянгаараа нэмэгдэнэ.

-Та энэ жил "Эгэлбаатар" болсон байх шүү?

-Тэр арга хэмжээнд их сайхан хүмүүс ирсэн. Ховд аймгийн нутагт  20 мянган чацарганын мод тарь­сан хүн байна. Энэ хүн гайхал­тай шүү. Манай аймаг арай гэж 5000 ча­цар­­ганын модтой. Даш­бал­бар, Баян-Уул сумын айл бүхэн но­гоо­ны зоорь­той нь бахдам. Говьд баян­бүрд байгуул­чих­сан хүн ч байна. Аж ахуйч хүмүүсийг магтан дуулахын оронд залхуу ядуусыг өрөвдөн хайрлаад байгааг ойлгодоггүй гэж ярилаа.

ХЭМНЭХБАСДАХИНХЭМНЭХХЭРЭГТЭЙ

Ц.Шинэбаяр хэмнэх гэдгийг ярих дуртай. Ерөөсөө л ажлын төлөө төрчихсөн хүн гэлтэй. Уншиж бай­гаа номнууд нь хүртэл  фермийн мал аж ахуй хөгжүүлэх, сарны хэмнэлд ногоо тарих гэх мэтийн гарын авлагууд байх жишээтэй. Эднийд ирсэн зочид сугалаа суга­лах юм. Сугалтал арван ам.дол­лар, зураг­чин маань шоколадны нобар таа­рав. Ингээд Ц.Шинэбаяр ээжийндээ очихоор боллоо.

Мань эр "Chevrolet" хэмээх суудлын жижиг машин унадаг аж. Хамгийн бага шатахуун хэрэглэдэг унаа гэнэ. УИХ-ын гишүүд том том жийп унаад байгааг Ц.Шинэбаяр "Зүгээр олсон мөнгийг ингэж үрж ядах хэрэг байна уу" хэмээн тайл­барласан юм. Тэрээр "Би том ма­шин уная гэвэл чадна шүү дээ. Том машинаараа өрсөлд­вөл надад 20-30 камаз байна" гэлээ. Тэрээр хэмнэсэн бензинийхээ мөнгөөр ном авч Дорнод аймгийн хүүх­дүүдэд бэлэглэчихдэг байна.

24 дүгээр сургуулийн урд байр­лах байрны найман давхарт ээж нь байдаг аж. Мөн л хивс энэ тэрээр гэрээ чимсэнгүй. Ц.Шинэбаярын ээж Батаа ач нараа бараадан хотод өвөлжөөд зундаа нутагтаа очдог гэнэ. Хүү нь "Өглөөний нар хараад ирлээ" гэхэд Батаа гуай "Нар үзээгүй биш. Юуг нь хардаг юм" гэж байна.

Өглөө болгон нар хардаг хүнд нар үзэх гэж давхидаг хотынхон гайхмаар байдаг бололтой. Арван гурван хүүхэд төрүүлж, 80 гаруй ач зээтэй болсон Батаа гуай залуудаа туслах тогооч, үйлчлэгч гээд олон ажил хийж явжээ. Мөн нөхөр, хүү хоё­рын­хоо агнасан тарвагыг өвч­дөг байж.

Батаа гуай ач зээ нартаа ном бэлэглэдэг. Шилдэг сурагч тод­руулж  хамгийн том бэлэг өгнө. Эднийд хамаатан садных нь хоёр оюутан сурч байгаа гэнэ. Ц.Шинэ­баяр ээжийндээ ирэх дуртай бө­гөөд нэг удаа лифт гацаад хоёр цаг шахам болжээ. Бусад хүмүүс хаал­га үүд нүдээд сүйд болж байхад мань эр утсаараа ажлаа амжуулж байсан аж.

Ээжийндээ нэг их удалгүй МАХН-ын түр штаб дээр очиж жижүүрийн ажилтай танил­цахаар гарлаа. Штаб дээр нь 14 настай охи­ноо бусдын гарт алд­­сан Гончиг хүлээж байв. Ц.Ши­нэ­баяр 2010 он үнэнийг ол­сон, олон нийтэд ухаа­рал хайр­ла­сан жил бол­сон гэж үзэж байгаа гэнэ. Мөн МАХН-аас ав­ли­гач ноёд  МАН болж салан тус­гаар­ласан нь хар ца­гаа­­ны ялгарал аж.

Тэрээр долоон са­рын 1-ний хэрэг явдал МАХН-ыг уст­гах төлөв­лөгөө­ний илрэл гэж үз­дэг аж. Тийм ч учраас намын архивыг шатааж, Д.Сүх­баатарын хөшөөг зай­луулж байгаа аж. Түү­хийн хуудаснаас МАХН-ыг арчих машин эрчимтэй ажиллаж бай­гааг ард тү­мэнд дуулгаж байв. 

Ц.Шинэбаяр хэмээх энэ эр МАН-ын эсрэг зогсож бай­гаа­гаа "Юуны эр зориг байх вэ. Би "Үндсэн хууль"-аар олгогдсон үзэл бодолдоо үнэнч яваа нэгэн. МАН-ын зүгээс элдэв шахалт, дарамт явуулж бай­гаа нь ардчил­лыг нухчин дарж  байгаагийн ил­рэл" гэж байна. Үе үеийн "удир­даачийнхаа" дохиу­раар хөдөлдөг улс төрийн хүчинд тэсрэлт хийж "Шинэ үзэг­дэл" болт­лоо гайхагдсан энэ эрийн амьдрал хийх бүтээхийн хүс­лэн­гээр дүүрэн. 

Аглаг ойн модчин байгаад АНУ-ын Ерөнхийлөгч болсон Авраам Линкольн гэдэг шиг тал нутагт огдой урхидаж явсан Ц.Шинэбаяр хүү УИХ-ын гишүүн болоод зогсох­гүй улс төрийн гурав дахь хүчний тэргүүн болоход ямхын зайд бай­гаа билээ.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ, ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Ц.ЦЭРЭННАДМИД

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.