
2025.05.23
Энэ жил авто замын эвдрэл, гэмтэлтэй 2550 тэмдэг тэмдэглэгээг, хайс, тоноглолыг засна
Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр гарсан замын хайс мөргөж эвдсэн асуудалтай холбогдуулан өөрийн сошиал хаягаар дамжуулан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Сүүлийн жилүүдэд хотын авто замын хайс, тоноглолыг мөргөж эвдэх тохиолдол нэмэгдэж байна. Үүний хэрээр засвар арчлалтын зардал нийслэлийн Замын сангаас гарч байгаа. Өнөө өглөө л гэхэд Сонсголонгийн гүүрний урд замд ачааны машин замын хашлага мөргөж, эвдрэл учруулж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдлаа. Энэ мэт хайхрамж болгоомжгүй үйлдэл, санаатай болон санаандгүй алдаа гаргах нь өөрт болоод өрөөлд халтай.
Өнгөрсөн жил авто замын 903 тэмдэг, тэмдэглэгээ эвдэрснийг зассан байна. Эвдрэл гэмтлийн тоо өсөж, энэ жил Замын сангийн хөрөнгөөр хотын гол болон туслах гудамж, замуудад авто замын 2550 тэмдэг, 1000 ам метр сааруулагч, 3000 метр хайс, тоноглолыг засахаар төлөвлөсөн. Үүнд нийслэлийн төсвөөс 2 орчим тэрбум төгрөг зарцуулна.
Уг нь замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлан, анхаарал, болгоомжтой байвал эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлж, энэ мэт зардал ч хэмнэгдэх боломжтой" гэв.