2025.05.15
Б.Энхбаяр: Урлаг соёлын оддыг хар тамхины гэмт хэрэгтэн болж харагдуулаад гол зохион байгуулагч нь өнөө хэр нь баригдаагүй шүү
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын даргын 2024 оны 108 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Цагдаагийн байгууллагын хариултаас буруу зөрүү ойлголт гарчихвий гэдэг утгаар тодруулж хэлэх шаардлага үүсч байна.
Ял шийтгэлийн бодлого сул байгаагаас болоод хар тамхины хэрэг үүсээд байгаа гэж ярих буруу шүү. Шоронд хийгээд байя гэвэл шорон л бариад байна. Эмнэлэг барихгүй байгаа. Эмнэлгээ бариагүй байж шорон бариад байгаа. Тэгэхээр гэмт хэрэг буурчихдаг гэдэг зүйл хаана ч байхгүй. Тиймээс хар тамхитай тэмцэх бодлого дээр хатуу зөөлөн аргыг хослуулан хэрэглэж байж, үр дүнд хүрнэ. Харин зохион байгуулалттай барихгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд нэг ч том зохион байгуулагч баригдаагүй. Дандаа хэрэглэсэн урлаг соёлын оддыг гаргаж, том гэмт хэрэгтэн мэт харагдуулж олон нийтийн нэг бодлын сурталчилгаа ч явагдаад байгаа юм шиг. Тиймээс одоо бид хар тамхитай тэмцэх бодлого дээр илүү ухаалаг бодлого барих ёстой. Ухаалаг гэж ярьж байгаагийн цаана ялыг нь нэмээд хориод байвал буурчихна гэсэн юм байхгүй. Энэ бол гэмт явдал судлалаар ч нотлогддоггүй юм. Архитай дайн зарлаад юу болсон Америкт зохион байгуулалттай гэмт бүлэглэл архины хуурай хуулийн үр нөлөөгөөр гарч ирсэн Маф чинь анх. Зөвлөлт холбоот улс социалист дэглэм задрахад архийг нь хориглосон явдал нөлөөлсөн гэж үздэг. Энэ бол Америкийн тагнуулын байгууллагын репортод байдаг бодит зүйл. Өөрөөр хэлбэл архийг нь хориглосон чинь ард түмэн нь анх удаа социалист дэглэмтэй улсад жагсаал хийсэн. Социалист дэглэмтэй улсад төр засгийнхаа эсрэг жагсаал хийхэд нөлөөлж байсан тийм зүйл байгаагүй. Архийг хориглосон чинь жагсаж байсан. Тэгээд ард иргэд төр засагтаа сэтгэл ханамжгүй байдал тархаад яг энэ агшинд нь энэ дэглэмийг нураах цаг нь болжээ гэдэг ийм репортыг тагнуулыг байгууллага нь өгч байсан. Тэгэхээр тэмцэх асуудал нь өөрөө улс төр эрх зүйн урлаг ухаан шаардсан асуудал байгаа шүү гэдгийг хэлье.

Сэтгүүлч