
2025.04.14
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛЛЫГ БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРТ БЭХЖҮҮЛНЭ
Хил хязгаарыг үл харгалзан дэлхий нийтийн сорилт болж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг асуудлуудад улс орнууд олон улсын гэрээ, хэлэлцээрээр хамтран хариу арга хэмжээ авч, байгаль орчны бодлогыг хэрэгжүүлж байна. Монгол Улс энэ чиглэлд идэвхтэй оролцож, 2026 онд Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын талуудын бага хурал (COP17)-ыг эх орондоо зохион байгуулах эрхийг авсан нь олон улсын түвшинд манлайллаа бататгасан чухал үйл явдал болсон.
Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай (FAO) хамтран “Байгаль орчны хамтын ажиллагааны эмэгтэйчүүдийн манлайлал” уулзалтыг зохион байгуулж, эмэгтэй элчин сайд нар, олон улсын байгууллагын удирдагчид хамтын ажиллагаа, жендэрийн мэдрэмжтэй шийдлүүд, сайн туршлагаа хуваалцав. Сайд С.Одонтуяагийн санаачлагаар байгуулагдаж буй “Байгаль орчны эмэгтэй манлайлагчдын бүлгэм” нь бодит өөрчлөлтийг эхлүүлэх гүүр болох зорилготой.
Тэрээр уулзалтын үеэр “Эмэгтэйчүүдийн оролцоо нь тогтвортой, хүртээмжтэй, инновацлаг шийдлүүдийг бий болгоход чухал” хэмээн онцолж, үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхээ илэрхийлсэн юм.
Энэхүү уулзалт нь 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах COP17-д эмэгтэй удирдагчдын нэгдсэн байр суурийг илэрхийлэх, хамтарсан төсөл, санаачлагын хүрээг тэлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.