Зөвлөлийн хурлаар гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах талаар хэлэлцлээ
2025.04.08

Зөвлөлийн хурлаар гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах талаар хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг НИТХ-ын дарга, Зөвлөлийн дарга А.Баяр танилцуулж, хуралдааныг эхлүүлэв.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам”ыг батлах тухай хэлэлцлээ. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар танилцуулга, мэдээлэл хийв. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах ногоон бүсийн өрх сууцаа дулаан алдагдалгүй болгож, хатуу түлш буюу нүүрсийг хэрэглээнээс халах зорилготой уг төслийн хүрээнд гэр, орон сууцаа дулаалж, дулаан алдагдалгүй болгох, хатуу түлшийг хэрэглээнээс халсан өрхүүдэд нэг удаа тоног төхөөрөмж үнэгүй суурилуулах болон бүх төрлийн хийн түлш болон цахилгаан халаагуурын хэрэглээний үнийн урамшуулал олгох талаар тусгажээ. Ингэхдээ сарын хэрэглээнээс хамаарч нэг өрхөд сард 50-250 мянган төгрөгийн урамшуулал олгох байна. Эхний ээлжид нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн 52 мянган өрхөд цахилгаан болон хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн тухай бүсийн айл өрхүүдийн хэдэн хувь нь байшинд амьдардаг, гэрт амьдардаг, дулаалгыг хэрхэн хийх, аль өрхөд цахилгаан, аль өрхөд хийн түлшний төхөөрөмж суурилуулах талаар нарийн судалгааг ажлын хэсэг гаргаж хийх байна. Мөн дулаалгыг нийслэлийн зүгээс хийх бөгөөд тухайн өрх гадна фасад болон үүдний амбаарын хэсгийг заавал хариуцаж байна.

Харин НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Т.Отгонболд “Нийслэлийн 52 мянган өрхийг ямар шалгуураар сонгосон, алслагдсан дүүргүүдийн өрхийг хэрхэн хамруулах, төсөл хэрэгжсэн эхэлсэн тохиолдолд наад зах нь хийн буюу газ ашиглах, төхөөрөмжийг зөв хэрэглэх тал дээр хэн хяналт тавих вэ. Урамшуулалд хэчнээн төгрөг зарцуулах вэ” гэдгийг тодруулав. Мөн НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Б.Дөлгөөн “Айл өрхүүдэд хэдий хугацаанд урамшуулал өгөх, урамшууллыг хэрэглээнд бус дулааны алдагдлыг буруулах зорилгоор хийсэн дулаалгын материал, төхөөрөмжийн үнэд ч юм уу өгөх боломжтой юу. Тэгвэл урамшууллаас илүү эдийн засгийн хэмнэлт хийх боломжтой” хэмээн тодрууллаа.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар дараах хариултыг өглөө. Тодруулбал, айл өрхүүдийг сонгохдоо бүсээр нь буюу агаарын бохирдол ихтэй хэсгийг сонгосон бөгөөд Нийслэлийн Засаг дарга, дүүрэг, хороодын Засаг дарга болон өрх гэсэн гурвалсан гэрээг байгуулна. Гэрээний дагуу хяналтын ажлын хэсэг ажиллах байна. Ялангуяа хийн түлшний төхөөрөмж суурилуулах ажилд Азийн сантай хамтарч сургалт явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд сургалтад зөвхөн өрхөөс гадна онцгой, цагдаа, төрийн албан хаагчид, салбарын мэргэжилтнүүдийг хамруулах байна. Түүнчлэн НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн О.Зундуйдорж хийн хэрэглээний талаар иргэд дутуу дульмаг мэдлэг, мэдээлэлтэйгээс үүдэн сөрөг ойлголттой буюу айдастай байгаа. Тиймээс энэхүү төслийн хариуцагчид болон салбар мэргэжлийн байгууллагууд иргэдийг зөв мэдээллээр хангах чухал байна гэдгийг онцлон санал хэллээ. Улмаар Зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам”ыг батлах тухай болон бусад асуудлыг НИТХ-ын ээлжит III хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд:

  • “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам”ыг батлах тухай
  • Барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай
  • Барилга, байгууламжийг балансаас баланст шилжүүлэх тухай
  • “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийн талаарх танилцуулга
  • “Улаанбаатар кабел кар” ОНӨТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай
  • “КОП-17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай
  • Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай
  • “Туулын хурдны зам”-ын төсөл арга хэмжээний төсөвт, өртөгт өөрчлөлт оруулах тухай
  • Орон сууцны байрыг нийслэлийн өмчид бүртгэх тухай