
Монгол Улс цахим хөгжлөөрөө эхний 50 орны тоонд багтжээ
Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган-2025 3 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулагдлаа.
"Цахим хөгжил дэлхийн улс орнуудын хөгжлийг тодорхойлж буй энэ цаг үед Монгол улс хаашаа явах вэ гэдгээ хэлэлцэхээр бид энд чуулж байна" гэсэн ЦХИИХ-ийн сайд Ц.Баатархүүгийн үгээр чуулган албан ёсоор эхэллээ. Чуулганы үндсэн хэсэг буюу “Цахим хөгжил нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь" панель хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Жаргалан оролцож, цахим шилжилтийн ач холбогдол, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, салбарын ирээдүйн чиг хандлагын талаар салбарынхантай санал солилцсон юм.
Монгол Улсын ихэнх үзүүлэлт дэлхийд 80-103-т бичигддэг бол НҮБ-ээс гаргадаг цахим хөгжлийн индексээрээ 48 дугаарт бичигдсэн нь энэ салбарын хүмүүсийн хамтын зүтгэл гэдгийг онцоллоо.
Төрийн үйлчилгээг хүссэн үедээ авах боломжтой КИОСК машины хэрэглээ 88 хувьд хүрсэн байна. Мөн 5G буюу дэвшилтэт холбооны шинэ технологийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр сумын иргэд, багийн иргэд төрийн, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг Улаанбаатарт байгаа мэт шууд авах боломж бүрдэх аж. Энэ мэт салбарын бодлого хаашаа явж буйг илэрхийлэх 10 чухал ажлыг чуулганы үеэр танилцуулсан байна.