Б.Жавхлан: Нүүрсний экспорт биржийн арилжаанаас ухрах ёсгүй учраас эрх зүйн зохицуулалтаа боловсронгуй болгоно
2025.03.28
Нүүрс

Б.Жавхлан: Нүүрсний экспорт биржийн арилжаанаас ухрах ёсгүй учраас эрх зүйн зохицуулалтаа боловсронгуй болгоно

Өчигдөр  (2025.03.27) болсон Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг идэвхжүүлэх зорилгоор шинэчлэн баталсан журмуудын өөрчлөлттэй холбоотой харилцагч талуудыг мэдээллээр хангах, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын цаашдын чиг хандлагын талаар уулзалт, хэлэлцүүлэгт Сангийн сайд Б.Жавхлан оролцлоо. 

Тэрбээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан, эрсдэлтэй энэхүү нөхцөл байдлыг бэрхшээл гэж бэргэхээсээ илүү сорилт хэмээн үзэж, хамтдаа даван туулах ёстой. Сүүлийн хоёр жилд уул уурхайн үйлдвэрлэлд биржийн үйл ажиллагаа хүч түрэн орж ирж байна. Нүүрсний үнээс шалтгаалж, биржийн үйл ажиллагаа доголдож болохгүй юм. Бирж хувьцаат компани болсон хэдий ч богино хугацаанд өндөр ашиг олох нь эцсийн зорилго биш юм. Уул уурхайн биржийн арилжааны алдаа, оноо юу байна, цаашид хэрхэх талаар бид ярилцах ёстой. Манай нүүрс чанартай, хамгийн ойр гэхчлэн дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар харьцангуй сайн байна. Тиймээс түр зуурын уналт гэж харахыг хичээж байна. Уул уурхайн биржийн тухай хуулийг өөрчлөн шинэчлэхээр ажиллаж эхэлсэн. Удахгүй УИХ-д өргөн барина. Хуулийн төслийг хэлэлцэн баталтал энэхүү шинэчилсэн журмаараа явна. Шинэ журмаар нүүрсний үнийг индексжүүлж, тээвэрлэлтийн эцсийн цэгийг Засгийн газар тогтоохоор заасан. Энэхүү журам тэр чигээрээ хуульчлан батлагдах учиртай. Цаашид нүүрсний экспорт биржийн арилжаанаас ухрахгүй учраас эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгохын төлөө ажиллана гэдгээ сайд онцоллоо.

Уулзалт хэлэлцүүлэгт оролцогчид уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг идэвхжүүлэх зорилгоор шинэчлэн баталсан журмуудын хэрэгжилтэд анхаарч, түр зуурын хүндрэлтэй нөхцөл байдлыг ойлголцож, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.