2025.04.25
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангаа хамгаалж, хуримтлалын нэгдсэн сангаа хэрэгжихэд иргэд мэдээлэлд нягталж хэрсүү байх учиртай
УИХ-ын чуулганы /2025.04.25/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийн цагаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд Хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар сонслоо.
Энэ мэдээлэлтэй холбогдуулан гишүүдийн асуусан асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулт өглөө.
Өнөөдөр Баялгийн сангийн тухай хуулийг сонгодог агуулгаар нь батлаад яг нэг жил болж байна. Хэрэгжиж эхлээд хэрүүлтэй, уруултай зөндөө юм болсон. Оюу толгойтой холбоотой 2,3 тэрбум доллар тэглэх гэж Их хурлаар гурван чудаа нэлээдгүй мэтгэлцээн өрнөсөн. Эрдэнэтийн 49-тэй холбоотой, Дархан төмөрлөг, Хөтөлтэй холбоотой олон асуудал өрнөсөн. Гэхдээ бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өнгөрсөн жил баталж, намууд зөвшилцөж чадсан. Нэг жилийн дараа нэгдсэн 3 сангийн тухай ярьж байна. Дэлгэрэнгүй тайлбарла гэсэн учраас маш товч байдлаар, стратегийн ордын 34% болон түүнтэй тэнцүүлж зөвшилцөх, борлуулалтын орлого эсвэл Амнат үүнийг бид нар хэрхэн томьёолох вэ гэдгийг өнөөдөр ярьж байна. Үндэсний баялгийн сангийн төлбөр гэх үү, рояалти гэдэг ойлголтыг хэрхэн тодорхойлох вэ?
Энэ бол иргэдийн хуримтлалын нэгдсэн сан. Гэхдээ энэ бол банк шиг боловсрол, эрүүл мэнд, орон сууцад зарцуулагдана. Жишээлбэл орон нутаг руу иргэд шилжиж байгаа бол, давуу байдлаар тэр сангаас түрүүлжзээл авах ч юм уу ийм боломжийг менежментийн баг бүрдүүлнэ. Хуримтлалын сан учраас, өнөөдөр маргаан болоод буй стратегийн ордуудын 34%-тай холбоотой асуудлыг амнатаар юм уу, эсвэл борлуулалтын орлогоор эсвэл 34%-аар нь байлгах вэ гэдэг нь хуримтлалын нэгдсэн сан хэрэгжих хамгийн том сорилт өнөөдрийн мэтгэлцээний гол асуудал болчхоод байгаа юм. Энэ асуудал үе шаттай Их хурлаар орж ирнэ. Тус бүрдээ нэлээдгүй мэтгэлцээнтэй энэ асуудал дээр парламентын гишүүд, манай иргэдийн хувьд туйлын мэдээллээ нягталж маш их хэрсүү хандах чухал сорилт дундуур бид нар гарна. Цаашдаа бид төсвийг уул уурхайн бус орлогоор, уул уурхайн орлогын зохих хувиар бүрдүүлдэг эрх зүйн орчин руу шилжинэ. Үндэсний баялгийн сангаа хамгаалах учиртай. Хуулиа хэрэгжүүлж, хэлцлүүдээ хийх ёстой.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn