Дүүжин замын тээврийн хоёрдугаар шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс “Шангрила” чиглэлд байгуулна
2024.04.07
Барилга, Хот байгуулалт

Дүүжин замын тээврийн хоёрдугаар шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс “Шангрила” чиглэлд байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр дүүжин замын тээврийн төслийн гүйцэтгэгч “Пома” группийн төлөөлөлтэй хамт дүүжин замын тээврийн хоёрдугаар шугамыг байгуулах байршилд ажиллаж, шугамын хэмжилтийг хийлээ.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн нийтийн тээврээр зорчих урсгалыг нэмэгдүүлэх үүднээс дүүжин замын тээврийг нийтийн тээвэрт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд тус төслийн хоёр дахь шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд талын зогсоолоос “Шангрила” төвийн баруун хойд тал, хуучнаар Д.Нацагдоржийн хөшөө байсан байршил хүртэл 2.7 км урттай байхаар төлөвлөж, хэмжилт хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ шугам нийт найман том тулгуурт баганатай байх тооцоолол гарсан. Хоёрдугаар шугамын нөлөөллийн бүсэд цахилгаан дамжуулах агаарын шугамын хэд хэдэн бетон шон өртөж байгаа. Түүнийг шилжүүлэх асуудлаар холбогдох албаныхантай зөвшилцөх шаардлагатай байгаа. Ингэж чадвал бүтээн байгуулалтын өртөг буурах юм. Бид дүүжин замын тээврийн шинэ шугамтай холбоотойгоор цаашид нийтийн тээврийн төрлүүдийн холболтыг сайжруулахаар төлөвлөж байна” гэв.

Түүнчлэн нийтийн тээврийн төрлүүдийн холболтыг сайжруулах, иргэд дүүжин тээврийн зогсоол, автобусны буудал, цаашлаад метроны зогсоол хооронд саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд зарим байршлуудад явган хүн зорчих боломжтой газар доогуурх далд гудамж бий болгох төслийг боловсруулж байгааг Хотын дарга онцолж байлаа.

Уг шугамын нийт урт 2.7 км байх бөгөөд нэгдүгээр шугамаас том бүхээгтэй хийхээр төлөвлөж байгаа аж. Тодруулбал шинэ шугам ашиглалтад орсноор цагт нэг талдаа 3400, хоёр талдаа цагт 6400 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм.

ШИНЭ МЭДЭЭ