Бүсчилсэн хөгжлийг дэд төвүүдийн төлөвлөлттэй уялдуулах ёстой
2024.03.07
Барилга, Хот байгуулалт

Бүсчилсэн хөгжлийг дэд төвүүдийн төлөвлөлттэй уялдуулах ёстой

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр дэд төвийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын талаар хэлэлцлээ. Нийслэлийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор зургаан дэд төв байгуулж буй.

Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажил бүрэн дууссан бол Дамбадаржаа дэд төвийнх 57, Толгойт дэд төвийнх 28.7 хувьтай үргэлжилж байна. Сэлбэ дэд төвд дэд бүтэц хийснээр нийгмийн 35 барилга, байгууламж, 50 айлын орон сууцыг төвлөрсөн дулаанд холбож, жилд 7500 тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулсан. Тухайн байршилд авто замын сүлжээг нэмэгдүүлснээр Долоон буудлын уулзварын ачааллыг 30 хувиар бууруулсан байна. Мөн 25.000 хүн цэвэр усны найдвартай эх үүсвэрт холбогдох боломжтой шугам сүлжээг барьж, 3000 өрхийг өндөр хурдны интернэтэд холбон, мэдээлэл холбооны үйлчилгээ үзүүлэх шилэн кабель, сувагчлалыг хийсэн юм. Одоогоор газар, эд хөрөнгийн үнэлгээ хийх мэргэжлийн байгууллага болон орон сууцжуулах төслийн ТЭЗҮ, барилгажилтын төсөл, олон улсын зөвлөх үйлчилгээ, зураг төслийг боловсруулах ажлын сонгон шалгаруулалт үргэлжилж байна. Сэлбэ, Баянхошуу дэд төвийг орон сууцжуулснаар авто замын түгжрэл 36.3 хувиар, агаарын бохирдол 22 хувиар буурч, 2040 он гэхэд 25.295 ажлын байр бий болох тооцоо гарсан юм.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс дэд төвийн бүтээн байгуулалт удааширч буйн шалтгаан, бүсчилсэн хөгжил болон дэд төвийг хэрхэн уялдуулах талаар хөндөж байв. “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан:

-Гэр хорооллын дахин төлөвлөлт арав гаруй жилийн хугацаанд хэрэгжсэн ч гүйцэтгэлийг хувийн хэвшилд даатгаад орхих, хэрэгжилтийг хянахгүй байх, дэд бүтэцгүй газарт дахин төлөвлөлтийн байршил заагаад түүнийхээ араас дэд бүтцээ шийдвэрлэх, төсөв хөрөнгө дутагдах зэрэг олон шалтгааны улмаас үр дүн муутай байсан. Тиймээс өнгөрсөн хугацаанд гарсан алдааг засах, давтахгүй байх зорилгоор дэд төвүүд дэх гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг нийслэл өөрөө хариуцах болсон. Улаанбаатар хотын асуудлуудын гол зангилаа нь хот төлөвлөлт. Өнгөрсөн хугацаанд баталсан Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөө хангалттай хэрэгжээгүй. Иймд цаашид Улаанбаатар хотыг төлөвлөхдөө өмнөх алдааг давтахгүй байж, дэд төвүүдийг түшиглэн төлөвлөх нь зүйтэй хэмээлээ.

ШИНЭ МЭДЭЭ