МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УХАА ҮҮЛДРИЙН ҮХРЭЭ ӨСГӨЖ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЖЭЭ
2024.02.05
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

УХАА ҮҮЛДРИЙН ҮХРЭЭ ӨСГӨЖ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЖЭЭ

Хэнтий аймгийн Дадал сумын “Ухаа” үүлдрийн үхрийг зонхилон өсгөж, ашиг шимийг нь хүртэж яваа гол төлөөлөгчдийн нэг Балж багийн малчин Лхагвасүрэнгийн Алтан-Од, Сүхбаатарын Солонго нар сар шинийн босгон дээр “Улсын аварга малчин” болж, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат шагналыг нь гардуулан өглөө.

Удам залгасан малчин Л.Алтан-Одынх сүүлийн 22 жил “Ухаа” үүлдрийн үхэрт түшиглэн малаа өсгөж 2023 онд үхэр голдуу 1500 мал тоолуулж, сүүлийн 3 жил гурван өрхийг 392 малаар малжуулжээ. Өвлийн сар эхлэмэгц, 11-р сараас шинэ тугалаа авч эхэлдэг. Өнөөдөр биднийг очиход 19 хэнз тугалтай, сааль сүү, цагаан идээгээ боловсруулж байв.

Нэг жилд 100 гаруй үнээ тугалдаг, 50 хувийг нь түрээсийн гэрээ, малжуулах гэрээгээр залуу малчдад олгодог аж. Гэрийн эзэгтэй С.Солонго хэлэхдээ 3 жилийн хугацаатай нэг өрхөд 20 тугалтай үнээ өгч, төлөөр нь малжуулдаг. Урин дулаан, зундаа 40 үнээг өдөрт нэг удаа сааж 200 орчим литр , сардаа 6 тонн сүү авдаг. Үнээгээ жилийн 4 улирлын турш сааж, сааль сүүгээ бэлтгэдэг. Өвөлдөө 20 гаруй үнээ саадаг гэв.

Л.Алтан-Одын өвөө эмээ нь малчин, ногоочин байсан. Аав Лхагвасүрэн нь 1981 оны БНМАУ-ын аварга тариаланч. Улмаар малчин болж, үр хүүхдүүддээ залгамжилсан санж. Дадал сум бэлчээр, ус сайтай, хадлан тэжээлээ хангалттай сайн бэлтгэдэг учраас малын эрсдэл, хоргодолгүй өвлийг өнөтэй давж байна. Өнгөрсөн намар 30 нуруу өвс /670 тонн/ хадаж бэлдсэн. Өвс тэжээл бэлтгэх зорилгоор ковш трактор, багаж тоног төхөөрөмж авснаар ажил хөнгөвчлөх болсон талаар ярьж байв.

Л.Алтан-Од хөдөлмөр, малч арга туршлагаа төр түмэндээ үнэлүүлж, 2016 онд “Аймгийн аварга малчин”, 2022 онд ХХАА-н Тэргүүний ажилтан, 2022 “Алтан тугалын эзэн” болсон бол С.Солонго 2020 онд “Сумын аварга саальчин”, 2022 онд “Аймгийн аварга саальчин” болжээ.

Малчин заяагаа хөдөлмөр зүтгэлээр зүлгэж, үр шимийг нь өөрсдөө төдийгүй өргөн түмэндээ хүртээж, ус нутагтаа хүндлэгдэж, улсдаа данслагдсан залуу аварга малчдадаа Ц.Идэрбат гишүүн халуун баяр хүргэлээ. 

ШИНЭ МЭДЭЭ