МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Э.Батшугар: Монголбанк валютын орлогын тодорхой хувийг арилжааны банкаар дамжуулж байж төгрөгийн ханш чангарах суурь боломж үүснэ
2024.01.31
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Э.Батшугар: Монголбанк валютын орлогын тодорхой хувийг арилжааны банкаар дамжуулж байж төгрөгийн ханш чангарах суурь боломж үүснэ

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугартай ярилцлаа.


-УИХ-ын босго намсаж байна, чадамжгүй байна гэх шүүмжлэл тодорхой хүрээнд гардаг байсан. Энэ удаагийн парламент тэр дундаа энэ намрын чуулганаар нүүрсний сонсголыг хийсэн нь авлигын эсрэг том алхам боллоо хэмээн учир мэдэх хүмүүс дүгнэж буй. Та энэ удаагийн намрын чуулганыг та хэрхэн дүгнэж байна?

-Олон хуульд өөрчлөлт орууллаа. Хээл хахууль авлигатай холбоотойгоор ялын бодлогыг чангарууллаа. Дэлхийн хамгийн чанга авлигын эсрэг ялын бодлоготой орны нэг болсон. Ашиг сонирхлын болон зөрчлийн тухай хуулийг баталсан. Энэ нь улстөрч болон төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий этгээд тендерт оролцохгүй, төсөв, сангийн төсөл хөтөлбөрт хамрагдахгүй гэхчилэн чанга зохицуулалттай хуулийг баталлаа.

Намрын чуулганаар реформын шинжтэй хэд хэдэн том хуулийг баталсан. Нэгдүгээрт, бүсчилсэн хөгжлийг дэмжсэн. УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчилж баталсан. Бүсчилсэн хөгжил нь Монгол Улсын ирээдүйд маш чухал эерэг дүн авч ирнэ. Улс орон хөгжинө гэвэл бүсчилж хөгжих ёстой. Мөн үндэсний аюулгүй байдал, стратеги, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй. Учир нь өнөөдөр Монголын хүн амын тал хувь нь Улаанбаатарт амьдардаг. Улсын нийт эдийн засгийн 70 орчим хувь нь Улаанбаатарт байна. Нэг ёсондоо Монгол хот улс болох гээд байна л даа. Тиймээс бүсчилж хөгжиж, түгжрэл, бөөгнөрлөөс ангижирвал дагаад хөрсний, агаарын бохирдол зэрэг олон асуудлаасаа давхар салах том гарц. Хоёрдугаарт, бүсчилж жигд хөгжиж байж Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн бүтэн байна.

Бүсчилсэн хөгжил нь ойрын болон дунд хугацааны ирээдүйд эдийн зааг, нийгэмд ихээхэн эерэг үр дүнг авч ирнэ. Намрын чуулганаар Монгол Улс түүхэндээ анх удаа 27 их наяд төгрөгийн төсөв баталлаа. Энэ бол “Шинэ сэргэлтийн бодлого” үр дүнгээ өгч байгаагийн бодит илрэл. Мөн Уул уурхайн биржийн тухай хуулийг УИХ-аар баталсны үр дүнд 27 их наяд төгрөгийн төсөв батлах суурь бүрдсэн. Ингэснээр  ДНБ 70 их наяд төгрөгт хүрэх бололцоог бүрэн хангаж өгч байна. Мөн эдийн засгийн өсөлтийг 2023 онд 6.8 хувьд хүргэж чадсан. Монголбанкны гадаад нөөц таван тэрбум ам.долларт хүрсэн гэхчилэн эерэг үзүүлэлтүүдийг авч ирж байна. Одоо эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэхийн тулд өрхийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ бол дараагийн том ажил гэж харж болно.

-Та Инновац, цахим бодлогын байнгын хороог даргалдаг. Энэ намрын чуулганаар танай байнгын хороо хэр үр дүнтэй ажиллав?

-Намрын чуулганаар бидний хамгийн том ажил бол нэр бүхий 109 хуульд цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрөх талаар нэмэлт, өөрчлөлт оруулж батлуулсан явдал байлаа. Энэ нь “Цахим үндэстэн” болох зорилтын дараагийн шинэ алхам болж байна.Бүхэлд нь харвал төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэх гэхээс илүү эдийн засаг, нийгмийн бүх салбарт цахим харилцааны боломжийг нээсэн гэж хэлж болно. Үүнийг дагаад эдийн засгийн том хэмнэлт гарна. Бизнесийн шинэ салбарууд өсч бий болох үүд хаалгыг нээлээ. Тэр дундаа банк санхүүгийн салбар, мөн финтекийн салбар цааш өсөх, хөгжих үүд хаалгыг нээсэн гэж хэлж болно. Мөн хүнд суртал, цаг хугацааны хэмнэлтийг авч ирнэ. Жишээлбэл, өмнө нь компани байгуулахад наад зах нь биечлэн 11 алхам хийдэг байсан.

Компанийн дүрмээ батлаад гарын үсэг зураад заавал улсын бүртгэлд цаасаар өгдөг байсныг цахимаар болгосон. Ингэснээр Монгол Улсын иргэн компьютерийн урд сууж байгаад гар утсаараа компани байгуулах бүрэн боломжтой боллоо. Мөн банкинд зайнаас данс нээх боломжийг нээлээ. Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй байх УИХ-ын тогтоолын төслийг оруулж батлууллаа. Тэтгэвэрт гарах гэж байгаа иргэнийг тэр дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс тийм бичиг баримтыг авч ир гэж нааш цааш явуулдаг байсныг болиулна. Монгол Улсын иргэн бүр төрийн үйлчилгээг авахдаа ийш тийшээ явж бичиг цаас авч ирдэг бус, нэг ёсондоо бүрэн “нэг цонхны” үйлчилгээтэй болох хууль эрхзүйн орчныг бүрдүүлсэн.

-Жишээ нь, уул уурхайн цахим биржийн арилжаанаас харахад цахим шилжилт нь авлигатай тэмцэх том гарц болж байна, тийм үү?

-Мэдээлэл технологийн систем авлига нэхэхгүй. Хүнд суртал гаргахгүй. Хүн бүрт адил үйлчилгээ үзүүлдэг. Хүнээс, гарын үсгээс хамааралтай болж эхлэхээр л хээл хахууль авлига үүсэх нөхцөл бүрддэг. Үүнээс салах гарц нь цахимжуулах. Цахимд шилжчихээр бүртгэл нь байнга цахимаар ил тод явж байна. Яригдаад байгаа бүртгэлгүй машин нууцаар гарсан, бүртгэлгүй нүүрс гарсан гэдэг асуудал бүрэн байхгүй болж байна. Үүнийг дагаад “алдагдсан боломж”дахиж яригдахгүй. Цахим биржээр нүүрс арилжаалж эхэлснээс хойш гаалиар гарч байгаа Монголын нүүрс бодит эдийн засагт орж Монголбанкны гадаад валютыг нэмэгдүүлж эхэллээ. Өмнө нь долоон ам.доллараар зарсан гэж бүртгэл хийчихээд цаанаа 70, 80 ам.доллараар зардаг асуудал байсан. Үүний зөрүү мөнгийг тодорхой хүмүүс оффшор дансанд, эсвэл өөр нэг байдлаар уусаад алга болдог. Эдийн засагт бодитой нөлөө авч ирдэггүй байсан бол тэрхүү мөнгө Монголдоо үлддэг боллоо. Биржийн арилжаа ч цахимаар явж байгаа. Тэгэхээр мэдээлэл технологийн цахимжилт бол аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үндэс суурь нь. Үүнээс бид хоцрох ёсгүй. Монголчууд бид цахимыг нутагшуулж, эдийн засгийн өгөөжийг хүртэх гэж зорьж байна.

-УИХ “E-Petition”-ийг нэвтрүүлээд тодорхой асуудалд долоо хон хоногийн дотор 100 мянган иргэний санал авсан. Энэ бол иргэд төлөөллийг хангах маш үр дүнтэй, бодитой хэрэгсэл гэдэг нь харагдлаа?

-“e-Petition” буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийн журмыг 2023 оны нэгдүгээр сард Инновац, цахим бодлогын байнгын хороо баталсан. Үүнийг дагаад аравдугаар сард тус системийг нээсэн. Үүний хамгийн том ач холбогдолтой зүйл нь Монгол Улс иргэнээ цахимаар таньдаг болсон. Нэг хүн нэг удаа л санал өгөх хязгаарлалт хийсэн нь иргэдийн саналыг бодитой болгож байгаа юм. Ямар нэгэн тролл ч гэдэг юм уу, хуурамч санал ирэхгүй гэсэн үг л дээ. Тиймээс цахим гарын үсэг юмуу, банкны дансны эрхээр баталжуулж байж нэвтэрдэг.

Гэхдээ энэ систем шинэ зүйл биш. Герман, Англи, Солонгос зэрэг улсууд “Petition”-ийг сүүлийн 50 жил байнгын хэрэглэж байна. Манай нэг онцлог нь үүнийг цахимаар хийж байна. Цаг хугацаа, хүнд суртлыг арилгаж шууд хийх бололцоог нь нээж өгч байна. Ийн Монгол Улсын иргэн бүр өнөөгийн парламентын 77 дахь гишүүн болох бололцоог нээсэн. Иргэд тулгамдаж байгаа асуудлаараа УИХ-аар хууль батлуулах боломжийг  нээсэн. Тухайн асуудлыг 100 мянган иргэн дэмжвэл хуулийн төсөл болж, УИХаар хэлэл цүүлэгдэнэ. Ийм нөлөөг үзүүлэх бодит боломж нээгдсэн. Жишээ нь, УИХ-ын дарга НӨАТ-ын буцаан олголтын асуудлаарх саналыг байршуулсан.

Маш богино хугацаанд 100 мянган хүний санал авсан. Үүний дагуу УИХ-ын дарга энэ асуудлыг Төсвийн байнгын хороо руу шилжүүлсэн. Төсвийн байнгын хороонд ажлын хэсэг гарсан. Одоо тэр ажил татварын том реформын эхлэл болсон. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ гэж бодож байна. Монгол Улс нэгдсэн татварын системтэй гэж олон нийт хардаг. Гэтэл салбар бүрт татварын дарамт нь өөр байдаг. Уул уурхай салбарын татварын дарамт нь мэдээлэл технологийн ч юм уу, бусад салбарынхтай адил байгаа нь шударга бус байна. Тиймээс салбар бүрийн татварын дарамтад дүн шинжилгээ хийнэ. Үүний зөв зохицуулалт нь юу байна, яаж тэрхүү зохицуулалтыг хийж, тодорхой салбарын нийгмийн хариуцлагыг өндөр болгох вэ гэдэг асуудал яригдана.

-Та эдийн засагч хүн. Тиймээс 2024 оны эдийн засгийн төлөвийг ярилцъя. 2024 онд эдийн засагт сөргөөр нөлөөлөх томоохон хүчин зүйл нь эрчим хүч гэж шинжээчид мэдэгдэж байгаа. Та 2024 оны Монголын эдийн засгийг хэрхэн харж байна. Манайд ямар эрсдлүүд тулгарах бол?

-Мэдээж эрсдэл бий. Гэхдээ эдийн засгийн пирамидыг харахад Монгол Улсын эдийн засаг долоон хувийн өсөлттэй байх болов уу. Учир нь нэгдүгээрт, манай улсын худалдааны тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан. 15 тэрбум ам.долларын экспортыг Монгол Улс хийж чадлаа. 70 сая тонн нүүрс экспортоллоо. Төлбөрийн тэнцэл 900-аад сая төгрөгөөр эерэг гарсан. Монголбанкны валютын нөөц таван тэрбум ам.долларт хүрсэн гэхчилэнгээр Монголын түүхэнд байгаагүй эерэг үзүүлэлтүүд гарсан. Түүнчлэн анх удаа нэг тэрбум ам.долларыг аялал жуулчлалын салбараас оллоо. Аялал жуулчлал Монголын эдийн засгийн дараагийн том тулгуур болох бололцоо байна гэдэг нь үүнээс харагдаж байна. Мөн Засгийн газар Монголоо сурталчлах ажлыг амжилттай хийсний үр дүнд Монгол Улс аялахад хамгийн таатай, хамгийн сонирхолтой орнуудын тоонд 2024 онд орсон. Тиймээс энэ жил 600 мянгаас илүү, бараг нэг сая жуулчин авах бололцоо бүрдсэн. Үүнийг дагаад үйлчилгээ, аялал жуулчлалын салбар хөгжих, ажлын байр, орлого нэмэгдэх бололцоотой болсон. Монгол Улсын 2024 оны эдийн засгийн өсөлтийн дийлэнх хэсэг нь уул уурхайн салбараас гарна. Урт хугацаанд боловсруулах үйлдвэр гэхчилэнгээр явах ёстой л доо.

-Эдийн засагт нүүрс гол нөлөөтэй. Төсөвт та вигд сан дүнгээсээ ч их хэмжээгээр нүүрсний экспорт хийх боломжтой талаар та ярьдаг. Гэтэл нүүрсний эрэлт өнөөгийнх шигээ байх уу гэсэн бол гоомжлолыг нөгөө талаас хүмүүс тавьдаг шүү дээ?

-2024 оны төсөв дээр 60 сая тонн нүүрс экспортолно гэсэн зорилт тавьсан. Бодит хүлээлтийг харахад энэ жил 75 сая тонн нүүрс экспортлох бололцоотой гэж харж байна. Учир нь коксожсон нүүрсний хэрэглээ БНХАУ-д өндөр байна. 2023 онд БНХАУ-ын дотоодын эдийн засаг 5.2 хувиар өслөө. Дэлхийн хоёр том эдийн засгийн нэг нь ингэж өсч байгаа нь манайд эерэг зүйл. БНХАУ-ыг харахад коксожсон нүүрсний эрэлт хэвээрээ байна. Гурван хувиар өснө гэсэн шинжээчдийн дүгнэлт бий. БНХАУ мөнгөний бодлого болон Засгийн газрын төсвөөр эдийн засгаа сэргээх, эрчимжүүлэх олон хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд 740-аад тэрбум ам.долларыг эдийн засгийг идэвхжүүлэх бодлогод зарцуулсан.

Мөн 400-аад тэрбум ам.долларыг үл хөдлөх болон барилгын салбар руугаа хийх төлөвлөгөө гаргасан. Барилга баригдана гэдэг нь арматур, төмөр, гангийн эрэлт нэмэгдэнэ. БНХАУ энэ жил ойролцоогоор нэг тэрбум тонн ган хайлуулах прогнозыг шинжээчид гаргасан. Нэг тонн ган хайлуулахад дунджаар 700 кг коксожсон нүүрс шаардагддаг. Мөн дотоодын хэрэгцээ гэхээсээ илүү гадаадад их хэмжээний боловсруулсан төмөр болон ган экспортолдог. 2023 онд Хятадын арматурын экспорт гэхэд 43 хувиар өссөн. Түүнчлэн орон нутаг, дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Тиймээс коксожсон нүүрсний эрэлт өндөр байх нь ойлгомжтой.

Сараар нь харвал, манай улс өнгөрөгч 11, 12 дугаар сард түүхэн дээд хэмжээнд нүүрс экспортолсон. Ялангуяа 11 дүгээр сард 7.9 сая тонн нүүрс экспортолж чадсан. Энэ юутай холбоотой вэ гэхээр ОХУ түүхий эд экспортын тариф, татвар тавьсан. БНХАУ Оросоос их хэмжээний нүүрс авдаг байснаа багасгаад Монголоос авдаг болсон. Өөрөөр хэлбэл, Оросын нүүрс нь илүү үнэтэй, Монголынх хямд болчихоор зах зээлийн өрсөлдөөний зарчмаар манайхаас шууд авч эхэлж байна.

Түүнчлэн манайх Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд боомтын нэвтрэх чадамжийг дээшлүүлсэн. AGV автомат технологийг нэвтрүүлсэн. Түүнчлэн төмөр замын асуудал ч мөн яригдаж байна. Гашуунсухайтаас Зүүнбаян хүртэл төмөр зам баригдсан. Мөн Ханги-Мандалын төмөр зам гэхчилэнгээрбоомтын сэргэлт эрчимтэй явагдаж байна. Төмөр замын холболтоо хийчихвэл манай экспорт их хэмжээгээр өсөх бололцоо нээгдэнэ.

Хоёрдугаарт, дэлхий нийтийн ковидын дараах эдийн засгийг харахад эхний хоёр жил үйлчилгээний салбар болон аялал жуулчлалын салбар их эрчимтэй өссөн. Харин аж үйлдвэрийн салбар бүрэн сэргэж чадаагүй байна. 2024 онд дэлхий нийтээр аж үйлдвэрийн салбарын өсөлт эрчимтэй явагдана гэсэн хүлээлт байгаа. Тэр дундаа Герман, АНУ, БНХАУ-ынх. БНХАУ-ын эдийн засгийн бүтцийн дийлэнх нь түүхий эд үйлдвэрлэж экспортод гаргадаг байснаа болиод нэгдүгээрт, дотоодын хэрэглээ. Хоёрдугаарт, боловсруулах үйлдвэр. Гуравдугаарт, мэдээлэл технологийн салбар руу анхаарч эхэлж байна. Энэ бол манайд эерэг мэдээ. Учир нь зэсийн эрэлт, үнэ дээр эерэг нөлөө авч ирнэ. Тэр дундаа цахилгаан машины борлуулалт дэлхийд моданд орж байна. Нийт борлуулж байгаа машины 12 хувийг цахилгаан машин эзэлж байна. Харин Хятад улс үүний 26 хувийг эзэлж байгаа. Өнгөрөгч онд Хятадын цахилгаан машины BYD компани Tesla-г давчихлаа. Нэг цахилгаан машин үйлдвэрлэхэд 90 кг зэс шаардагддаг. Энгийн машин үйлдвэрлэхэд 14-20 кг зэс шаардлагатай. Өөрөөр хэлбэл, их хэмжээний зэсийн эрэлт харагдаж байна. 2024 онд дэлхий нийтэд борлуулагдаж байгаа машины 20 хувийг цахилгаан машины эрэлт эзэлнэ гэдэг дүгнэлтийг шинжээчид гаргасан. Тэгэхээр шинээр 11 сая цахилгаан машин зарагдахаар байна. Учир нь дэлхий нийт дунджаар 50-55 сая машин шинээр үйлдвэрлэдэг. Үүний 20 хувь нь гэж тооцоолохоор 11 сая машин гэсэн үг. Тэгвэл нэг машинд дунджаар 90 кг зэс шаардлагатай гэхээр дэлхийд эрэлт нь байж байна л гэсэн үг.

-Эдийн засгийн өсөлтийг өрхийн үүдээр оруулахын тулд ямар бодлого хэрэгтэй вэ. Иргэдийн бодит орлого өсөхгүй байна шүү дээ?

-2024 оны улсын төсвийг батлахдаа тодорхой салбаруудыг дэмжих төсөв баталсан. Тэр нь боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжөөс гаалийн татвар авахгүй, чөлөөлсөн. Ингэснээр 2024, 2025 онд боловсруулах үйлдвэр эрчимтэй хөгжих бололцоо үүссэн. Нүүрс угаах, ноолуур, зэс боловсруулах гэхчилэн аж үйлдвэрийн сэргэлтийн том төслүүд бий. Цаасан дээр байгаа эдгээр төслүүд бодит болж Монголын экспортыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгох бололцоо нээгдсэн.

Эдийн засгийн өсөлтийг иргэдийн бодит орлогод шингээж эерэг нөлөө авч ирэхийн тулд анхаарах хоёр чухал зүйл бий. Нэгдүгээрх нь, үнийн өсөлт. Үнийн өсөлт нь худалдан авах чадварыг шууд бууруулж байгаа. 2024 оны сүүлээр Монголын үнийн өсөлт 7.9 хувьд хүрсэн. Нэг оронтой тоонд орсон сайн хэрэг. Гэхдээ бүтцийг нь харвал 7.9 хувийн 42 хувь мах, гурил, будааны үнийн өсөлт эзэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөр эрчимтэй хэрэгжиж байна. 2024, 2025 онуудад үр шимээ өгч эхэлнэ гэж бодож байна.

Үнийн өсөлт, тэр дундаа хүнсний үнийн өсөлтөд онцгой анхаарах ёстой. Тээвэр логистикийн болон гадаад үнийн өсөлт ковидын үеэс харьцангуй буурсан. Тиймээс манай улсын үнийн өсөлтийн гол асуудал нь хүнс дээр байна. Үүн дээр Засгийн газар болон хувийн хэвшлийнхэн хамтарч ажиллаж байж нийлүүлтээ яаж хийх, ямар механизмаар авч ирэх гэдэгт онцгой анхаарах ёстой. Бид махны үнийн өсөлттэй жил бүр тулж байна. Нөөцийн махны механизм ажиллахгүй байгаагийн бодит жишээ энэ. Тиймээс нөөцийн мах бүрдүүлэхээс илүү зах зээлийн бусад шинэлэг механизм бий болгох нь зүйтэй. Ялангуяа орон нутгийн бүсчилсэн ХАБ-ууд байгуулж, зуншлага тарган байгаа газраас мал мах авч бусад газрууд руугаа тараадаг балансыг нь зөв олдог механизм хэрэгтэй байна.

Хоёрдугаарх нь, банкны зээлийн хүү. Банкны зээлийн хүүг буруулж байж бодит орлогыг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж ажлын байр бий болгож, үүгээрээ дамжуулж эдийн засгаа өсгөж, татвар, экспортын орлогыг нэмэгдүүлэх нь зөв. Аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийе гэхээр мэдээж банкнаас зээл авах шаардлага гардаг. Гэтэл банкны хүү өндөр, дээр нь тоног төхөөрөмжөө худалдаж авч хүүгээ төлж ашиг хийхийн тулд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг өсгөнө. Ингэж байж ашигтай ажиллаж, зээлийн хүүгээ дарах чадвартай болно. Энэ нь үнийн өсөлт авч ирээд байгаа юм. Тиймээс үүн дээр анхаарч ажиллах нь зөв.

-Анхаарч ажиллана гэхээр ямар зохицуулалт хийх тухай та ярьж байна вэ. Жишээ нь зээлийн хүүг буулгах ямар гарц байгаа юм бэ?

-Зээлийн хүү Монголбанкны бодлогын хүүтэй шууд хамааралтай байдаг. Бодлогын хүүгээ буулгах суурь нөхцөлийг эхлээд үүсгэх ёстой. Энэ нь юу гэхээр өнөөх инфляци. Эдгээр нь бие биетэйгээ шууд уялдаатай байдаг. Өнөөдөр инфляц нэг оронтой тоо руу орж 7.9 хувьд хүрлээ гэсэн статистик гарч байна Цаашдаа хүнсний нийлүүлэлтийн механизмаа зөв хэрэгжүүлж чадвал зорилтод үнийн өсөлтийг зургаан хувьд барина гэж Монголбанк “Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл”-д тусгаж батлуулсан. Зургаа хувьдаа хүрчихвэл хүнсний барааны инфляци буурах бололцоо бүрдэнэ.

Гэхдээ өнөөдөр Монголын М2 буюу мөнгөний нийлүүлэлт 38 их наяд төгрөгт хүрсэн. Үүнийг дагаад эдийн засгийн хэт хөөргөдөл үүсэх нөхцөл бий болох гээд байдаг. Үүнийг дарахын тулд,мөн валют, төгрөгийн ханшаа тогтвортой байлгахын тулд Монголбанк бодлогын хүүгээ 13 хувь болгож өсгөсөн. Өнөөдөр ч хэвээр хадгалсаар байна. Тэгэхээр хэрвээ инфляци тодорхой хэмжээнд бага түвшинд байж, валютын ханш төлбөрийн эерэг тэнцлээс хамаарч тогтвортой байвал бодлогын хүүгээ бууруулах бүрэн нөхцөл байдал үүссэн гэж хэлж болно.

Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, Эрдэнэс Тавантолгой болон Монголд ам.доллар оруулж ирдэг бусад том аж ахуйн нэгжүүдийнхээ валютын орлогыг Монголбанк өөрөө төгрөг болгодог. Ингээд тэр ам.доллараар нь гадаад валютын нөөцийг бүрдүүлж байна. Өнөөдөр гадаад валютын албан нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нөхцөлд валютын тодорхой хувийг нь арилжааны банк, зах руугаа нийлүүлэх нь зөв. Ингэж байж төгрөгийн ханш чангарч, ам.долларын ханш сулрах суурь нөхцөл байдал үүснэ.

Хоёрдугаарт, Монголбанк шууд ченж хийгээд байхаар мөнгөний нийлүүлэлтээогцом өсгөөд байгаа юм. Монголдоо арилжааны банкуудын харилцах дансанд экспортын орлого нь бүрдэж, тухайн аж ахуйн нэгжүүд нь цалингаа тавих болон бусад үйлчилгээ авахын тулд ам.доллараа төгрөг болгож солиулаад арилжааны банкуудын төгрөг ам.долларын активын зохистой харьцаанд ам.доллар нэмэгдчихвэл арилжааны банкууд хоорондоо ам.доллараа арилжаалах, бүр төгрөг олдохгүй бол Монголбанк руу ам.доллар зарах нөхцөл үүсч байж органикаар ам.долларын ханш буурна.

Тэгэхгүй өнөөдөр арилжааны банкуудад ам.доллар органикаар өсөхгүй байна. Үүний бодит жишээ нь, Мон голбанк долоо хоногт хоёр удаа гадаад валютаа дуудлага худалдаагаар дунджаар 100 сая ам.доллар нийлүүлж байгаа юм. Ингэж байж арилжааны банкуудын ам.долларын хэрэгцээг хангаж байна. Тиймээс илүү экспортын орлоготой аж ахуйн нэгжүүдийн харилцах дансыг нь дотоодын банкны дилерүүд сольж, зарж, худалдаж авбал энэ нь төгрөгийн ханшийг сулруулах үндсэн нөхцөл үүснэ. Тиймээс ийм арга хэмжээг 2024 онд Монголбанк хийх ёстой гэж эдийн засагч хүний хувьд би боддог.

ШИНЭ МЭДЭЭ