МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Арц-суурийн боомтоор шатахуун, гурил, тэжээл оруулна
2023.12.18
Эдийн засаг, Худалдаа

Арц-суурийн боомтоор шатахуун, гурил, тэжээл оруулна

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж Улсын нөөцөөс 495 тн хивэг, тэжээл хөнгөлөлттэй үнээр олгосны зэрэгцээ 25 тн дизель түлш, эрүүл мэндийн салбарт автомашин, Аймгийн онцгой комиссын албан хэрэгцээнд туулах чадвар сайтай авто машиныг шийдвэрлэсэн.

Энэ үеэр Асгат, Баянтэс, Тэс сумын нөхцөл байдалд газар дээр нь үнэлэлт дүгнэлт хийж, Асгат сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашин олгохоор шийдвэрлэсэн бол Тэс суманд нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Улсын нөөцөөс таван тн түлш, 40 тн хивэг тэжээл нэмэлтээр олгохоор боллоо.

Мөн Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Түдэвтэй зэрэг сумын хэрэгцээний хивэг тэжээл, түлш, шатахуун, гурил будааг Арц-суурийн боомтоор оруулах боломжийг бүрдүүлж өгөх тухай орон нутгийн хүсэлтийг Шадар сайд ойрын хугацаанд шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Арц-суурийн боомтыг байнгын ажиллагаатай болгосноор шатахуун, гурил, хивэг тэжээлийг хурдан шуурхай татан авах боломж бүрдэхээс гадна тээврийн зардлыг 2-3 дахин хэмнэх боломж бүрдэх юм.

Баянтэс сумын дунд сургуулийн барилга шатсантай холбогдуулан хохирлыг даруй арилгах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Баянтэс, Тэс сумын нийт нутгаар хөр цасан бүрхүүл тогтож, гуу, жалга гэх мэт хунгарласан хэсгээрээ цасны зузаан 120-160 см байна. Энэ сарын 10-наас эрс хүйтэрч, шөнөдөө байнга 40-47 градус хүйтрэн мал бэлчээрт гарах боломжгүй болсноос гадна зам даваа хаагдаж малчид төвд хураасан өвсөө хотондоо татах аргагүйд хүрч, малаа тэжээлд оруулжээ.

Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр Баянтэс сумын Бужир багийн малчин Г.Чимэддорж, Тэс сумын Дооно багийн малчин Г.Дугар нарын хотонд ажиллаж, малчид иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Малчид өвс тэжээл үнэтэй, түлш шатахуун хомс байгаагийн дээр малын түүхий эд, үнэгүйдсэн нь малчдын амьдралд хүнд тусаж байгааг хэлж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ