УИХ-аас гарсан уриалгыг биелүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо
2023.12.13
Хүний эрх

УИХ-аас гарсан уриалгыг биелүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг нар өнөөдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, тус Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Комиссын гишүүн Я.Цэлмэнтэй уулзлаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойг угтан, УИХ-ын даргын захирамжийн дагуу уг ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг энэ сарын 9-нд хуралдуулсан билээ. УИХ-ын дарга Г.Занданшатар уг хүндэтгэлийн хуралдааны индрээс үг хэлэхдээ, Монгол Улс Хүний эрхийн конвенц, гэрээ, пактуудаар хүлээсэн үүргээ биелүүлж, Хүний эрхийн төлөв байдлын талаар НҮБ-ын Хүний эрхийн хороо, бүтцийн бусад байгууллагуудад тайлагнах механизм бүрдүүлж, парламентаас манлайлж ажиллах, Гэрээ конвенцуудад дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх, олон улсын гэрээний заалтыг шүүн таслах үйл ажиллагаанд хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, олон улсын гэрээний үүрэг, зөвлөмжийн биелэлтийн явцыг УИХ-д тогтмол тайлагнадаг журамд шилжиж, нээлттэй сонсголоор хянан хэлэлцэх зэрэг найман уриалга дэвшүүлсэн.

Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, тус Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Комиссын гишүүн Я.Цэлмэн нар Хүний эрхийн Үндэсний Комиссын хуулийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны талаарх зохицуулалтыг хэрэгжүүлэх, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаанаар УИХ-аас гарсан уриалгыг биелүүлэх арга хэмжээг танилцуулсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны талаарх зохицуулалтын хэрэгжилтэд байр сууриа илэрхийлэхийн сацуу УИХ-аас гарсан уриалгыг биелүүлэх уг арга хэмжээтэй холбогдуулан санал солилцож, үүрэг, чиглэл өглөө. Уулзалтад УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Тамгын газрын тэргүүн дэд дарга М.Үнэнбат нар байлцав.

ШИНЭ МЭДЭЭ