МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.12.01
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Т.Энхтүвшин: Малчдын малын үнийг унагахгүй байх талаар ХХААЯ ямар арга хэмжээ авч байгаа вэ?

УИХ-ын намрын ээлжит чуулган Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн /2023-12-01/ хуралдаанаар нийт нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл сонсож байна. 

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: 

Өвөлжилтийн байдал хүндэрч байна. Цаашдаа улам хүнд болох магадлалтай болчихлоо. Тэгэхээр одооноос эхлээд арга хэмжээ авахгүй бол хоцрох аюултай байж байна. Ялангуяа энэ жил малчид малаа их хэмжээгээр заазалж байна. Малчдын малын үнийг унагахгүй байх талаар ХХААЯ ямар арга хэмжээ авч байгаа вэ?

Ялангуяа дулааны аргаар боловсруулж байгаа олон үйлдвэрүүд байж байгаа, эд нар махаа экспортлоод гаргахад бол малын үнэ ханш өсөлттэй байгаа. Харин малчдаас авахдаа хямд үнээр авч байна. Тиймээс дулааны аргаар мах боловсруулж байгаа махны үйлдвэрүүдэд хангалттай хэмжээний зээл өгөөд, махны үнийг тогтвортой худалдаж авах ийм арга хэмжээг ХХААЯ зохион байгуулах хэрэгтэй байна.  

Хөдөө орон нутагт ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагынхаа томилолтын зардлыг, бензин шатахууны зардлыг хангалттай тавьж өгөөч ээ. Асуухаар л бензин шатахуун байхгүй, томилолт байхгүй, эм тариа байхгүй гэдэг. Энэ тал дээр та онцгой анхаарч өгөөч ээ. Бид нар олон жил ярьсан даа ОХУ-аас улаан буудай оруулж ирдэг асуудлаа нээж өгмөөр байна аа. Малчид маань юу гэж ярьж байна вэ гэхээр, тэжээл олдохгүй байна, хивэг олдохгүй байна үнэтэй байна гэдэг асуудлыг ярьдаг. Дотоодын гурилын үйлдвэрүүд чинь хивгээ гадагшаа экспортлоод байна. Тийм учраас ОХУ-аас орж ирэх улаан буудайн хоригоо цуцлаач ээ. Ядаж 04 дүгээр сарын 01 хүртэл цуцлаад энэ улаан буудай оруулж ирэх бололцоо боломжийг нь нээгээд хивэг, тэжээлийн үнийг унагах арга хэмжээ зохион байгуулахгүй бол дотооддоо хураасан улаан буудайн нөөц хүрэхгүй юм байна лээ шүү. тиймээс үүн дээр онцгой анхаарах хэрэгтэй.

Бензин шатахуунаа эхний ээлжид хөдөө орон нутаг руу хуваарилах ялангуяа хилийн боомтууд руу хуваарилах мөн экспортод гаргаад валют оруулж ирж байгаа уул уурхайн компаниуд руугаа эхний ээлжид хуваарилах арга хэмжээг аваач ээ. Ингэж ажиллавал эдийн засаг унахгүй байх, малчид бинзээ шатахуунтай байх боломж бололцоотой болгох хэрэгтэй. Тиймээс эрэмбэлж, хуваарилах тал дээр нэлээн онцгой анхаарч ажиллаач ээ. Өвс тэжээлийн үнэ тогтвортой байх уу, одоо өсөөд л байна. Ялангуяа говийн бүсэд газар тариалан гэдэг зүйл байхгүй тийм учраас говийн бүсэд өвсний үнэ, тэжээлийн үнэ асар өндөр үнэтэй байна Иймд улсын онцгой комиссоос, говийн бүсүүд рүү хуваарилж байгаа өвс тэжээлийн үнийг тогтвортой хуваарилах, ялангуяа сум орон нутагт хүргэж өгөх энэ ажлыг сайтар зохион байгуулахыг хүсмээр байна.

Түүний асуултад, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ