МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Хариуцлагатай бизнес ба тогтвортой хөгжил” уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
2023.11.10
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

“Хариуцлагатай бизнес ба тогтвортой хөгжил” уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр /2023.11.11/ УИХ-ын гишүүд, Дэлхийн банк, Жайка олон улсын байгууллагатай хамтран “Хариуцлагатай бизнес ба тогтвортой хөгжил” сэдэвт ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдийн уулзалт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Энэхүү уулзалт, хэлэлцүүлэг нь шинээр батлагдсан, ирэх оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Нийгмийн даатгалын багц хуулийн талаар ажил олгогч, бизнес эрхлэгчдэд танилцуулах, бизнес эрхлэхэд тулгарч буй асуудал, бэрхшээл, санал хүсэлтийг сонсох зорилготой юм.

Энэ үеэр “Нийгмийн даатгалын багц хууль, шинэчилсэн найруулга”, “Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем E-JOB платформын танилцуулга”, “ЖАЙКА-ийн Монгол дахь жижиг, дунд бизнесийн салбар дахь хамтын ажиллагаа” сэдвээр холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө.

Арга хэмжээг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэсэн үгэндээ, “2023 оны 2 дугаар улирлын статистик мэдээллээр ажилгүйдлийн түвшин 6.6 хувь болж, өмнөх улирлаас 7.9 мянгаар буурсан. Хүн амын бүлгүүдийн онцлогт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд ажил олоход хүндрэлтэй иргэн, ялангуяа нийгмийн халамж авч байгаа өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай гишүүнийг хөдөлмөрт бэлтгэж, ажлын байраар хангахад онцгой анхаарч байна гэлээ.

“Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого 2015-2030” зэрэг бодлогын баримт бичигт туссан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ажил олгогч, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн хууль эрх зүйн шинэчлэл, арга хэмжээг УИХ, Засгийн газар сүүлийн жилүүдэд нэлээд сайн хийсэн.
Тухайлбал, нийгмийн харилцааны суурь зохицуулалт болох Хөдөлмөрийн тухай хууль, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-аас шинэчлэн батлаад байна.

Уулзалт хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн, Б.Энхбаяр нар болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны удирдлагууд, Олон Улсын байгууллагуудын төлөөлөгчид, НИТХ-ын төлөөлөгчид Баянзүрх дүүргийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 800 төлөөлөл тулгамдаж буй асуудал, саналаа илэрхийлэн оролцож байна.

ШИНЭ МЭДЭЭ