БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүг хүлээн авч уулзлаа
2023.11.13
Барилга, Хот байгуулалт

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, метроны ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах талаар санал солилцлоо.

Хотын дарга Х.Нямбаатар Элчин сайд Ким Жун Гүд талархал илэрхийлэн, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа. Монгол Улсын Засгийн газраас метро байгуулах төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажилд олон улсын нээлттэй тендер зарлах бодлого баримталж буй. Энэ хүрээнд арванхоёрдугаар сард тендер зарлана. Үүнтэй холбоотойгоор БНСУ-аас туршлага судлан, туслалцаа авахад таатай байх болно” хэмээсэн юм.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү Хотын даргыг албан тушаалдаа томилогдсонд нь баяр хүргэж, цаашид Улаанбаатар хоттой бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ уламжлав.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр улсын төдийгүй Улаанбаатар, Сөүл хотын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ