МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Булгантуяа: Иргэн төвтэй төрийн үйлчилгээг нэвтрүүлнэ
2023.11.02
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Х.Булгантуяа: Иргэн төвтэй төрийн үйлчилгээг нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэл хийх асуудлаар мэдээлэл өглөө.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт цахимжилт сайн явагдсан. Гэсэн хэдий ч 2022 оны байдлаар манай төрийн үйлчилгээний байршлуудад давхардсан тоогоор 4 сая гаруй иргэн үйлчлүүлсэн. Цахимаар 6 сая гаруй иргэн хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээ авсан байна. Манай салбарт цахимаар авсан баримт материалыг цаасан хэлбэрээр давхар бүрдүүлдэг. Архивын дүрэм журам нь ийм байгаа. Нийгмийн даатгал, тэтгэвэр тогтоолгох, халамжийн үйлчилгээ авах зэрэг бусад асуудалтай холбоотой 100 мянга гаруй гомдол нэг улиралд ирдэг.

Тиймээс төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх замаар иргэдийн өргөдөл, гомдол, шат дамжлагыг бууруулах, төрийн алба хаагч нарын ажлын байрны дарамт, ачааллыг багасгах хэрэгцээ шаардлага байгаа. Мөн Нийгмийн даатгалын багц хууль 2023 оны долдугаар сард батлагдсан. Нийгмийн даатгал, хөдөлмөр халамжийн 60 гаруй журамд өөрчлөлт орж байгаа уг хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Өөрчлөлт хийгдэж байгаа энэ үед төрийн үйлчилгээний дахин инженерчлэлийг хийж, програм хангамжийг шинэчилэх замаар иргэдэд учрах чирэгдлийг бууруулах процессыг хийхээр оруулж ирж байна.

Төрийн байгууллагуудын бүтэц 400 мянган хүн амтай дүүрэг, 40 мянган хүн амтай аймаг байхаас үл хамаараад яг ижил байдаг. Тэгвэл дахин инженерчлэлээр төрийн үйлчилгээний байгууллагын үзүүлж байгаа үйлчилгээ, хийж байгаа гүйлгээний тоогоор нь хүн амттай нь уялдуулж бүтцийг харилцан ялгаатай хийх ёстой гэдэг шийдэлд хүрч байна.

Мөн нэг цэгийн үйлчилгээний төвүүд өнөөдөр Засаг даргад үйлчлэх гэж байгаа юм шиг төрийн захиргааны байрыг тойроод тусдаа байранд байрлаж байгаа. Гэтэл арилжааны банк, үүрэн холбооны оператор компаниуд хүмүүс хаана үйлчилгээ авахыг хүсч байгаа, эрэлттэй газар нь бүхий л үйлчилгээгээ үзүүлдэг. Тиймээс томоохон дүргүүдийг бүсчлээд татвар, бүртгэл, нийгмийн даатгал, хөдөлмөр халамж гээд төрийн бүх үйлчилгээг нэг газраас авдаг болох зохион байгуулалт руу орох нь зүйтэй гэж үзлээ. Төр бус иргэн төвтэй төрийн үйлчилгээг нэвтрүүлэх ёстой гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ