МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.11.02
Эдийн засаг, Худалдаа

Х.Ганхуяг: Зөвшөөрлийн хуулийн хэрэгжилт хангагдахгүй, дунд шатандаа гууль болгоод байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.02/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүдээс ирсэн хүсэлтийг сонслоо. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Зөвшөөрлийн тухай хуультай холбоотойгоор үг хэллээ.

"УИХ-аас Зөвшөөрлийн хуулийн хэрэгжилттэй холбоотой ажлын хэсэг гарч ажиллаад санал дүгнэлтээ хаврын чуулганаар хэлэлцүүлээд 19-р УИХ-ын тогтоолыг баталсан. Хуулийн хэрэгжилт хангагдахгүй байна. Үүнээс гадна Зөвшөөрлийн хууль бол маш энгийн юм. Хувийн хэвшил нь өөрсдөө хэлэлцээд өөрсдөө бүгдийг боловсруулж өгсөн хууль гэж харж болно. Дандаа хуулийн этгээд, иргэн талаас эрхийг нь хангасан хууль юм. Одоо хэд хэдэн асуудал үүссэн.

Уг хууиар ямар нэг зөвшөөрлийг бүртгэл нэрээр шинээр бий болгохгүй байх тухай тодорхой оруулсан. 1.5-д тодорхой заасан. Тухайн хуулийн 8.1, 8.2-т яг ийм зөвшөөрөл байна гэдгийг хуульчилан нэрлээд, хэн олгохыг нь ч заасан. Гэтэл E-mongolia платформ дээр E-bussines гэдэг цэс гаргаад 100 гаруй зөвшөөрлийг бүртгэл нэрээр нэмсэн байна. Би үүнийг байнгын хороон дээр хэлсэн. Мухлаг, 8 нэрийн барааны дэлгүүрийн, Дугуй засварын зөвшөөрөл гэх мэт байж болох бүх үйлчилгээг дахиад зөвшөөрөлтэй болгочихсон байна. Зөвшөөрлийг шинээр нэмэхийн тулд хэд хэдэн процессыг хуульд тодорхой заасан. Нэгдүгээрт нээлттэй сонсгол явуулна, Хоёрдугаарт Засгийн газрын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлнэ, Гуравдугаарт  Засгийн газраар хэлэлцээд УИХ-д өргөн барина гэж маш тодорхой оруулсан. Хэрвээ зөвшөөрлийг олгохоор бол УИХ хуулиарбатлахаар заасан. Гэтэл өнөөдөр E-bussines цахим үйлчилгээний Тусгай зөвшөөрөл цэсэн дотор 100 гаруй бүртгэл гэж оруулаад дээр хэлсэн зөвшөөрлийг бий болгосон байна. Бидний баталдаг хуулийг яаж гууль болгож байгааг нүдээрээ харж байна. Иргэд, ААН асуудал үүсэхээр асар их гомдол ирүүлдэг. Үүн дээр ЭЗХЯ, Засгийн газарт удаа дараа бичиг явуулсан. Хариу авмаар байна. Салбарын сайд нь байгаа тул хариулт өгнө үү?

Түүнчлэн төрийн албаны дунд шатан хүнд суртал замаа алдлаа. Бид 35-р тогтоол, 69-р тогтоолоор аль аль хуулиар нэмэлт оруулах, нийцүүлэх тухай тодорхой заасан. Өнөөдөр витаминтай холбоотой асуудалд зөвшөөрөл шаардлагагүй гэж баталсан байтал ЭМЯ-ны нэр бүхий албан тушаалтанд 3 удаа ч бичиг явуулсан. Их тодорхой бичиж илгээсэн ч одоо хүртэл зөвшөөрөл шаардсаар байна. Иргэд, ААН-ээс гомдол ирсээр байна. Хил дээрээс орж ирэхэд энгийн иргэний цүнхэнд байгаа витаминыг хүртэл зөвшөөрөл ав гэж нэхээд сууж байна. Угтаа бид хуулийн зүйл заалт бүрээр оруулж өгсөн. Сайн хууль гэдэг иргэд, ААН эргээд хяналтаа тавьдаг хуулийг л хэлнэ. Хуулийн хэрэгжилт байхгүй, гажуудал үүсэхэд иргэд, ААН гомдол ирүүлдэг. Тиймээс шалгалтын ажлын хэсэг гаргах нь зүйтэй гэж үзэж байна."

ШИНЭ МЭДЭЭ