МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.06.22

Г.Ганболд: Соёлын ямар үйлдвэрлэлээр дэлхийд өрсөлдөхөө тодорхой болгох хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.22/ нэгдсэн хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

Соёлын бүтээлч үйлдвэрлэлээр 500 тэрбум долларын орлого олдог юм байна. Үүнээс бид хувь хүртэх зорилгоор оруулж ирж байна. Энэ салбараа тодорхойлж харвал зөв юм шиг. Оруулж ирсэн хуулийг харахаар буруу болоод байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэл юу вэ гэдэгт бүгдийг нь хамруулчихсан. Кино, тайзны урлаг, гар урлал, ном гээд 11697 ААН байна гэжээ.

Бүтээлч гэдэг үгийг юунд ашиглаж байна вэ гэхээр соёлын үйлдвэрлэлүүд дотроос дэлхийд өрсөлдөх бүтээлч үйлдвэрлэлийг ялгаж авч төрөөс бодлогоор дэмжих хууль гэж ойлгосон. Гэтэл зорилго нь энэ мөртлөө хууль нь хавтгайруулаад хаячихсан. Ингэхээр утгагагүй болчихож байна.

Соёлын ямар үйлдвэрлэлээр дэлхийд өрсөлдөх вэ гэдгээ тодорхойлж, үүнийгээ хумих ёстой. 11697 аж ахуйн нэгжээсээ хумиад 10-20 байгууллагад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Гишүүдийн хэлээд буй ваучерийн асуудал байна. 15-18 насны хэдэн хүүхэд байгаа юм. Та нарын төсөөлж байгаагаар жилд нэг залууд хэдэн төгрөг өгөх гээд байгаа юм. Энэ нь төсөвт дарамт үзүүлэх юм уу? Улсын төсөвт жилд хэдэн тэрбум төгрөг тусгуулна гэж төсөөлж байгаа юм бэ?

Тэр мөнгийг 11697 аж ахуйн нэгжээс юм авсан хүмүүст өгөх юм уу? Сувинер худалдаж авсан хүмүүст ваучераар нь өгөх юм уу? Эсвэл театр, урлагийн гэж хумих юм уу? Үүнийгээ тодорхой болгооч ээ. Олон тэрбум төгрөгийн хөрөнгө гаргана би мэдэж байна. Үүнийг Сангийн яам төслөөр нь дэмжээд  жил бүр суулгаад явж чадах юм уу?

Соёлын салбарын цалин, хөлс нэмэгдлээ. Үүнтэй холбоотойгоор Соёлын сайд аа! Соёл, урлагийн байгууллагуудаа төрдөө эргэж халтуур хийдэггүй болгооч ээ. Аймгуудын 100 жилийн ой гээд болж байна. Улаанбаатар чуулга, Морин хуурын чуулга гээд бүгд төрийнх. Цалин авч байгаа атлаа аймгуудаас хамгийн өндөр мөнгө өгсөнд нь явдаг. Соёлын сайд төрийн соёлын  байгууллагуудаа хуваарилж өгөх ёстой шүү дээ.

Түүний асуултад Соёлын сайд Ч.Номин хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ