МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Аялал жуулчлалын салбар шинэ сэргэлтийн суурь хуультай болсон
2023.06.16
Хууль, эрх зүй

Аялал жуулчлалын салбар шинэ сэргэлтийн суурь хуультай болсон

Монгол улс “Аялал жуулчлалын тухай” хуулиа тэртээ 2000 онд баталж байсан. 

22 жилийг ардаа үдсэн энэ хуулийн агуулгаар өнөөдөр аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг тодорхойлж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Учир нь дэлхий нийтийн хөгжил хурдасч, цар тахлын дараах аялал жуулчлалын салбарын хэв маяг өөрчлөгдөж, шинээр хөгжиж байна.

Тиймээс Засгийн газраас аялал жуулчлалын тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлж, өнгөрсөн тавдугаар сард эцэслэн батлууллаа. Салбарын гол хуулиа өөрчилж, 2023 онд нэг сая жуулчин хүлээж авахаа мэдэгдэж, мөн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан юм.

Шинэчилсэн найруулгаар батлагдсан уг хуульд салбарын стратегиа өөрчилж, жуулчдын хөлийг татахаас эхлээд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг тодорхой болгож, аялал жуулчлалыг шинэ түвшинд хөгжүүлэх зохицуулалтуудыг тусгаж өгсөн. 

Тодруулбал 

  • Зарим орны иргэдийг Монгол улсад визгүй зорчуулах /34 орны иргэд Монгол руу визгүй зорчино/

  • Жуулчдын худалдан авалтад НӨАТ-ын буцаан олголт өгдөг байх

  • Тур оператор, тур агентуудыг эхний таван жилд орлогын албан татвараас хөнгөлөх

  • Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх / тусгай зөвшөөрөлтэй тур оператор үйл ажиллагаа эрхэлнэ./

  • Аялал жуулчлалын дэд бүтэц бий болгох чухал зохицуулалтыг тусгаад байна.

Ингэснээр аялал жуулчлалын салбар шинэ цонхоо нээж, дэлхий дахинд эх орноо сурталчлах, эдийн засгаа тэлэх өргөн үүд хаалгаа нээлээ. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч “Монголд зочлох жил”-ийг онцлоод буй.

УИХ-аар хэлэлцэн баталсан уг хуулийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж, гишүүдээр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Х.Булгантуяа, Т.Доржханд, М.Оюунчимэг нар ажилласан юм. Эл хуулийг Байнгын хороо, Их Хурлаар хэлэлцэх үед зарчмын зөрүүтэй олон санал гарсан ч эдийн засгийг дэмжих шинэ хөшүүргийн хувьд эцэслэн баталсан юм. 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Гадна гэхгүй дотоодын жуулчдад ч хүндрэл үүсгэдэг дэд бүтцийн асуудал энэ салбарт тулгамддаг. Боловсон ариун цэврийн өрөөнөөс эхлээд замын сүлжээг нэмэгдүүлэх гэх мэт дэд бүтцийн олон ажлууд хийх ёстой. Тиймээс хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа гишүүний хувьд дэд бүтцийг эрэмбэлсэн байдлаар зохицуулалт хийхэд анхаарч ажиллалаа” хэмээсэн. 

Харин УИХ-ын гишүүн Ж.Батжаргал 

“Дотоодын аялал жуулчлалаа дэмжиж, зөв бодлого гаргах ёстой. Бидэнд байгаа аялал жуулчлалын бүсэд хөгжил хэрэгтэй. Нэг ижил зүйлээ харуулаад байх уу. Эсвэл тухайн газар нутгийн онцлогтой холбоотой хөгжүүлэх үү гэдэг асуудал яригдана. Улсын хэмжээний аялал жуулчлалын бүсийн дэд бүтцийг шийдэх хэрэгтэй” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг

"Дэлхий нийт тэр чигээрээ соёлын аялал жуулчлалаар эдийн засгаа хөгжүүлж буй. Аялал жуулчлалыг хөгжүүлж байна гээд хэдэн жуулчдыг Тэрэлж үзүүлээд явдаг зүйл орхигдсон. Тиймээс шинэ түвшинд гаргахын тулд бүс нутгийн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой гэсэн" билээ.

Ийнхүү 2000 онд баталж байсан Аялал жуулчлалын хуулийг 23 жилийн дараа шинэчлэн баталлаа. 

ШИНЭ МЭДЭЭ