МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дэлхийн цаатны холбооны ерөнхийлөгч харючи Сергей Николаевичтай уулзлаа
2023.06.13
Гадаад харилцаа

Дэлхийн цаатны холбооны ерөнхийлөгч харючи Сергей Николаевичтай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Дэлхийн цаатны холбоотны ерөнхийлөгч Харючи Сергей Николаевич тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар 2026 онд манай улсад зохион байгуулагдах Дэлхийн цаа буга маллагчдын VIII чуулга уулзалтын бэлтгэл ажлыг төлөвлөж, зохион байгуулалтын хүрээнд харилцан санал солилцсоноос гадна холбооны үйл ажиллагааны талаар цаг үеийн мэдээлэл танилцуулсан юм.

Дэлхийн цаатны холбоотны ерөнхийлөгч Харючи Сергей Николаевич цар тахлын улмаас өнгөрсөн VII их хурал хосолмол хэлбэрээр явагдаж, алс бүс нутгийн цаатан түмний төлөөлөл цахимаар оролцсон бөгөөд энэ удаагийн их хурлыг өргөн цар хүрээнд зохион байгуулах болсонд таатай байгаагаа илэрхийллээ.Өнөөдрийн байдлаар дэлхий дээр гаршуулсан буюу тэжээвэр цаа буга маллан аж төрдөг 24 өөр уугуул ард түмэн байдаг төдийгүй бүс нутгийн хувьд Швед, Финланд, Норвеги, Орос, Хятад, Монгол, АНУ-ын Аляск, Канад, Грийнланд, Шотланд зэрэг туйлын тойрог болон хойд туйлын дэд бүс орчмоор нутаглаж байна. Түүнчлэн, нийт 2.5 сая орчим гаршуулсан цаа бугыг 100000 гаруй хүн маллаж аж төрдөг бөгөөд цаа буга маллагчид хил дамнасан иргэд хоорондын хамтын ажиллагааг эхлүүлж, 1997 онд Дэлхийн цаатны холбоог байгуулсан юм.

Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Дэлхийн цаа буга маллагчдын чуулга уулзалт нь цаатан уугуул бүх ард түмнийг хамардаг ба уг хурлаар цаа бугын аж ахуйн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээс гадна цаа буга маллагааны арга барил, тэргүүн туршлагуудыг солилцож, цаатнуудын соёлын өвийн уламжлалт илэрхийллийг таниулан хамгаалахад чиглэдэг бөгөөд ирэх 2026 онд Дэлхийн цаа буга маллагчдын VIII чуулга уулзалтыг Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд зохион байгуулахаар төлөвлөж байна.

ШИНЭ МЭДЭЭ