МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцав
2023.05.24
Хууль, эрх зүй

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцав

Хууль зүйн байнгын хорооны гишүүний хувиар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуултай Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчдийн ажлын ачааллыг бууруулж, илүү бүтээмжтэй, үр дүнтэй ажиллах хүрээнд цахим шилжилтийг эрчимүүлэх талаар санал солилцлоо.

Тэрээр шүүгч, ажилтан алба хаагчдын ажиллах орчинг сайжруулах, шүүх танхимын хүрэлцээ, зай талбайг нэмэгдүүлэх чиглэлээр тулгамдсан асуудлын талаар хэллээ. Учир нь шүүх байгууллага хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой ч нэг өрөөнд 2 шүүгч ажилладаг, 3 дүүргийн шүүх байгууллагын 43 шүүгч, 8 танхимд шүүх хуралдаан явуулдаг. Шүүх танхимын хувьд зай багтаамжны асуудлаас эхлээд аюулгүй байдал хангагдахгүй байгаа талаар хэлж байна.

Шүүгчдийн ажиллах орчныг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлж цахим шилжилтийг эрчимжүүлэх, шүүх танхимын хүрэлцээг нэмэгдүүлэх тал дээр байнгын хорооны хурал дээр та бүхний саналыг уламжилж, шийдвэрлүүлэх тал дээр ажиллах болно.

ШИНЭ МЭДЭЭ