МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ҮХНӨ: Ард иргэдийн саналд нийцсэн шийдвэр гаргана
2023.05.12
Орон нутгийн хөгжил

ҮХНӨ: Ард иргэдийн саналд нийцсэн шийдвэр гаргана

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нар нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзалт хийн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл өгч, саналыг нь авлаа.

Иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр, нийт гишүүний тавин хувийг мажоритар, тавин хувийг пропорционал аргаар сонгох буюу сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх зохицуулалтыг Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд тусгасан.

Энэ талаар шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар, олон улсын жишээ, чиг хандлага зэргийг уулзалтын эхэнд товч танилцуулсан. Уулзалтад оролцсон иргэд дээрх танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв.

Мөн улс орны өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, дунд болон урт хугацааны суурь эрх зүйн шинэчлэлийг хийх зорилгоор Улсын Их Хурлаас зорилт дэвшүүлэн, энэ хүрээнд гурван бүлэг бүхий нийт 10 багц хуулийг батлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдийн засгийн, нийгмийн бодлогын, засаглалын реформын шинжтэй тус бүр 3 багц хууль болон төвлөрлийг бууруулах, түгжрэлийг арилах цогц арга хэмжээний төслүүд үүнд багтаж байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар иргэдийн хамгийн их анхаарал хандуулж буй авлига, шударга бус байдалтай тэмцэх асуудлын хүрээнд хэд хэдэн хуулийн төслүүдийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн талаар онцолсон. Энэ хүрээнд Төрийн албан хаагчийн ёсзүйн тухай хууль батлагдаад байгаа бол Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хуулиуд хэлэлцэгдэж эхлээд байгаа. Мөн Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг шинэчлэн баталснаар энэ хаврын чуулган бүхэлдээ Авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийсэн чуулган болно гэдгийг тэрээр тодотгосон юм.

Иргэдээс үнийн өсөлт, амжиргааг дээшлүүлэх чиглэлээр Улсын Их Хурлаас бариж буй бодлого, авч буй арга хэмжээний талаар тодруулж асуулт тавьсан. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон уулзалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүд эдгээр асуудлаар тодорхой мэдээлэл өглөө.

ШИНЭ МЭДЭЭ