МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Э.Бат-Амгалан: Баянзүрхчүүд шинэ эмнэлэгтэй болж иргэдийн эрүүл мэндийн асуудал тодорхой төвшинд шийдэгдэнэ
2023.04.12
Орон нутгийн хөгжил

Э.Бат-Амгалан: Баянзүрхчүүд шинэ эмнэлэгтэй болж иргэдийн эрүүл мэндийн асуудал тодорхой төвшинд шийдэгдэнэ

Хүн амын нягтаршил өндөртэйд тооцогддог Баянзүрхчүүдийн өмнө тулгамдсан нэг номерын асуудал бол нэгдсэн эмнэлэгтэй болох.

БЗД-ийн Нэгдсэн эмнэлэг нийтдээ 358 ортой. Эрүүл мэндийн лавлагаа, шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэн ажилладаг. 2005 онд хувьчлагдаж "Баянзүрх ХХК" болж эрүүл мэндийн үйлчилгээг түншлэлийн хүрээнд үзүүлж эхэлсэн анхны хувийн эмнэлэг юм.

Өнөөдрийн байдлаар тус эмнэлэг хүний нөөцийн хомстолд орж, ажлын ачаалал өндөр болсон зэрэг олон асуудал бий. Учир нь 1 эмчид 600 хүн оногдох ёстой атал 6 дахин их буюу 3200 хүн ногдож байгаа нь иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй байгааг илтгэж байгаа юм.

Хүн амын өсөлтөө дагаад эрүүл мэндийн салбарт шинэчлэл өрнөх шаардлагатай ч өнгөрсөн хугацаанд дээрх ажлууд тус эмнэлэгт орхигдсоор иржээ. Энэ мэт тулгамдсан асуудал их, дээрээс нь иргэдийн санал хүсэлт тасардаггүй учраас дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд уулзаж, Баянзүрх дүүрэгт шинээр нэгдсэн эмнэлэг байгуулах төслийн ажлыг эхлүүлээд байна.

Мэдээж дүүрэг, орон нутаг өөрсдийн гэсэн эмнэлэгтэй болно гээд шууд шийдчихдэг асуудал биш. Газар чөлөөлөлт, зураг төслөөс авхуулаад шат дараатайгаар ажлууд хийгдэнэ. Тиймээс эхний ээлжид одоо үйл ажиллагаа явуулж буй хувьчлагдсан дүүргийн нэгдсэн эмнэлгийг өндөр ачаалалтай ажиллуулахгүй тал дээр анхаарч Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэгтэй хамтарч төвлөрсөн ачааллыг бууруулахаар тодорхой ажлуудыг хийх шаардлагатай байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ