Хуурамч диплом, оюуны өмчийн хулгай гардаг бүх цоорхойг бөглөх ёстой!
2022.12.26
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Хуурамч диплом, оюуны өмчийн хулгай гардаг бүх цоорхойг бөглөх ёстой!

Төрд нүүрлэсэн хулгайтай нийгэм, нийтээрээ тэмцэх том тэмцлийн нэг нь оюуны өмчийн хулгайн тэмцэл юм шүү.

2021 онд Боловсролын байгууллагын хуурамч дипломын асуудлыг хөндөж, ажлын хэсэг байгуулан 700 орчим зөрчил илэрснийг 2022 оны намар олон нийтэд танилцуулж уг зөрчил хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна. Гэмт хэргийн, сүлжээний шинж чанартай гэх мэт кэйс ч шалгалтын явцад тогтоогдох байх.

Хуурамч дипломтой нь батлагдсан нэр бүхий сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг даруй чөлөөлөх албан даалгаврыг тухайн харьяаллын засаг дарга нарт хүргүүлсэн. Дээрх хуурамч дипломын шалгалтад ороогүй, материалыг нь заасан хугацаанд ирүүлээгүй сургууль, албан тушаалтнуудад хугацаатай үүрэг өгсөн.

Хуурамч диплом олгож байсан зарим их, дээд сургуулийн зөвшөөрлийг цуцалж, оюуны өмчийн хулгай болон хуурамч дипломын асуудлыг сөхөн тавьж шүгэл үлээж эхэлснээс хойш олон хүний намтар засагдаад байна. Энэ мэтчилэн сургууль, цэцэрлэгийн газрын хулгайг илрүүлж, одоо байгаа газрын тооллогоо бүртгэлжүүлж авсан шигээ оюуны хулгайн идээ бээрийг шахна.

ШУТИС-ийн 4000 гаруй судалгааны ажлуудыг “E-san”-тай хамтарч плажиризм шалгах жижиг системүүдийг нэгтгэж, үндэсний платформтой болгох ажлыг эхлээд байгаа. Энэ платформ бүрэн хэмжээнд ажиллах хүртэл цаг хугацаа шаардагдана.

МУИС плажиризм шалгах програмтай, журамтай болсон. Удирдагч багш нь 100 хувь хариуцлага хүлээнэ. Удирдагч багш өөрийн ID хаягаараа тухайн ажлыг програмд уншуулж, шалгуулж, батламжилж гарын үсгээ зурна. Зохиогчийн эрхийн баталгааны хуудасгүй бол диплом хамгаалалтад орохгүй зэрэг хуурамч диплом, оюуны хулгайтай хийж байгаа ажлууд үргэлжилж байна.

Нэг шүгэл үлээчихээд асуудлыг орхих бус хуурамч диплом, оюуны өмчийн хулгай гардаг бүх цоорхойг нэг мөсөн бөглөж, эцэслэх ёстой. Энэ бол манай улсын боловсролд олон жил бугшсан том хулгай.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарын Хамтарсан албан даалгавар 2022.12.15 ны өдөр гарсан. Уг албан даалгаврыг бүрэн эхээр нь оруулж байна. Энэхүү албан даалгавар аймаг, нийслэлийн засаг дарга нарт, бүх шатны боловсролын байгууллагын удирдлагууд, их дээд сургуулийн захирлуудад болон БШУЯ-нд хамаарна.

ХАМТАРСАН АЛБАН ДААЛГАВАР
Боловсролын тухай хууль, бага дунд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А\446 тоот тушаалаар байгуулагдсан “Өмчийн хэлбэр үл харгалзан ЕБС, Цэцэрлэгийн багш нарын боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг” -ийн санал дүгнэлтийг үндэслэн даалгах нь :

Нэг. Боловсрол, шинжлэх ухааны яаманд:

  • Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 480 дугаар тушаалаар батлагдсан “Дээд боловсролын диплом олгох журам”, БШУС-ын сайдын 2018 оны А\286 дугаар тушаалаар батлагдсан “Боловсролын баримт бичгийн тодорхойлолтыг төрийн үйлчилгээний цахим машинаас олгох журам” -ийн хэрэгжилтэд хагас жил тутам хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх;
  • Эрх бүхий байгууллагаар хөтөлбөрийн болон байгууллагын магадлан итгэмжлэлийг хийлгээгүй, сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй зөвшөөрлийг цуцлах, төрийн өмчийн их, дээд сургуулиудын элсэлтийн үйл ажиллагаанд зохицуулалт хийх. Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах, түүнд тавих хяналтыг сайжруулах;
  • Их дээд сургуулиудын 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн төгсгөчдийн дипломыг блокчен технологид суурилан баталгаажуулж, боловсролын бүх шатны сургалтын байгууллагад багшийг ажилд томилохдоо түүнийг ашигладаг болох чиглэлээр холбогдох мэдээллийн системд хөгжүүлэлэлт хийх, эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
  • Дипломын зөрчилтөй үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон иргэнд дээд боловсрол олгох, элслэт сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
  • Энэхүү албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангах, үр дүнг хагас, бүтэн жилээр тайлагнах.

Хоёр. Аймаг, нийслэлийн засаг дарга нарт :

  • Боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь хууль, хяналтын байгууллагаар тогтоогдсон этгээдийг ажилд томилсон ажил олгогчид хариуцлага тооцох;
  • Боловсролын баримт бичгийн шалгалтад хамрагдаагүй, холбогдох материалыг дутуу ирүүлсэн дүүргийн боловсролын хэлтэс, аймгийн боловсрол, шинжлэх ухааны газрын удирдлагуудад хариуцлага тооцох, боловсролын баримт бичгийг дахин бүрдүүлж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх арга хэмжээг авах;
  • Төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургуулиудтай хамтран орон нутагт элслэтийн дүрэм журам зөрчиж элсэлт зохион байгуулах, элсэгч сонгох, холбогдох журам зөрчиж боловсролын зэрэг олгох асуудлыг таслан зогсоох.

Гурав. Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын удирдлагуудад:

  • Боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон ажилтныг ажлаас чөлөөлөх;
  • Дээд боловсрол эзэмшсэн талаарх иргэний мэдээллийг төрийн мэдээллийн хур систем (E-Mongolia), архивын ерөнхий газар болон сургалтын байгууллагын архивын мэдээлэлд үндэслэн багшийн ажилд томилж байх;
  • Дипломын зөрчилтэй иргэдийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй нь тогтоогдсон бол багшийн хүртээмжтэй уялдуулан тэдгээр иргэдийг сургалтанд хамруулж “Туслах ажилтан”, “туслах багш”-аар ажиллуулах, дээд боловсрол олгох асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон дннд боловсролын сургалтын байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
  • Шалгалтанд хамрагдаагүй багш нарын дипломын талаарх баримт, мэдээллийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор нөхөн хүргүүлэх. Заасан хугацаанд хүргүүлээгүй тохиолдолд энэ нь багш, удирдлагад холбогдох сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохыг анхаарах.

Дөрөв. Их, дээд сургуулийн захирал нарт:

  • Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 480 дугаар тушаалаар батлагдсан “Дээд боловсролын диплом олгох журам”, БСШУС-ын сайдын 2018 оны А\286 дугаар тушаалаар баталсан “Боловсролын баримт бичгийн тодорхойлолтыг төрийн үйлчилгээний цахим машинаас олгох журам”,
  • 2022 оны А\265 дугаар тушаалаар баталсан “Боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журам”-ийн хэрэгжилтийг хангаж ажиллах, зөрчил гаргасан ажилтанд хариуцлага тооцох;
  • Сургуулийн үндсэн бүтцэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан чиг үүргийг бий болгож, сургалтын үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжуулах, үр дүнг тооцох, үйл ажиллагааг тогтмолжуулах.

ШИНЭ МЭДЭЭ